"ЗАЛУУС-1" ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИХ ТӨСЛИЙГ БНХАУ-ЫН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАРТАЙ ХАМТРАН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өнөөдөр /2025.08.04/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжуаныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт Бүгд Найрамдах Хятад Ард Улстай өрнүүлж буй хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгдөг ба цаашид харилцан ашигтай, урт хугацааны түншлэлийг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Хоёр орны хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт хэрэгжиж байгаа томоохон хөрөнгө оруулалтын төслүүд болох “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”, “Ногоон нуур-1008” айлын орон сууцны хороолол төслүүдийг 2025 онд дуусгах талаар талууд хэлэлцэв.
Цаашид талууд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх, иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах хүрээнд нийгмийн барилга байгууламж, ажлын байр, үйлчилгээний байгууламж бүхий эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол болох “Залуус-1" орон сууцны хороолол барих төслийг Хятадын томоохон хөрөнгө оруулагч нартай хамтран төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан төслийг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Мөн дэд бүтцийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбогдуулан Хятадаас импортолж байгаа барилгын бараа, материалын дагалдах тохирлын гэрчилгээний баталгаажуулалтыг боловсронгуй болгох чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ.