Ц.ДАВААСҮРЭН: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГААГҮЙ, ШААРДЛАГА БИЕЛҮҮЛЭЭГҮЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВНА
Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан /2023.10.30/-ны өдөр боллоо. Шуурхайн эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжүүд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажил, үүрэг даалгаварын биелэлтээ танилцууллаа.
Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
Барилга, хот байгуулалтын яам, Оросын Холбооны Улсын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн яам хоорондын дэд ажлын хэсгийн 3 дугаар хуралдаанаар барилгын үнэ өртгийг томсгосон үнэлгээгээр тооцох аргачлалыг боловсруулж, салбарын инженер техникийн ажилтнуудыг бакалавр, магистр, докторын зэрэгт хамруулж, ОХУ-ын их дээд сургуулиудад сургах чиглэлээр санал солилцсож, 2 тал протоколд гарын үсэг зурж, баталгаажуулав.
“Хөшигийн хөндий орчмын шинэ дагуул хотын дэд бүтцийн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд зээлийн санхүүжилтийг ирэх онд хэлэлцээрт тусган шийдвэрлэхээр тохиролцов.
Барилга, хот байгуулалтын сайдын урилгаар Израил Улсын архитектор Хайм Дотан МонголУлсад айлчилж, Орхоны хөндийд байгуулах “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудлаар 21 аймгийн Ерөнхий архитекторуудтай уулзалт хийж, туршлагаасаа хуваалцав.
"Сэлбэ сэргэлт" төслийн далан, зам гүүрийн тохижилтын ажлын загвар зургийг боловсруулж дуусгав. Мөн Их тойруугийн гүүрнээс Алтай хотхоны гүүр хүртэлх хэсгийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зураг төслийн ажлыг хийж, далан, зам гүүрийн ажлын инженер геологийн ажлыг магадлаж байна.
Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар “БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАР, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН” 3 сарын аяныг зохион байгуулж байгаа билээ. Тус аяны хүрээнд Өмнөговь, Хөвсгөл, Булган аймгуудад мэргэжлийн сургалтуудыг зохион байгууллаа.
Мөн хоёр сайдын хамтарсан тушаалын дагуу барилга угсралтын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд Салбарын ерөнхий байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02-00/37 дугаартай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж байна.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 40.0 сая еврогийн экспортын зээлийн 3 дахь санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Дархан-Уул аймагт “Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл”-ийн 13,3 км цэвэр усны уян ширмэн хоолой угсралтын ажлыг гүйцэтгэж, 15,000 ширхэг ухаалаг тоолуурыг хэрэглээнд нэвтрүүлэх барилга угсралтын ажлыг эхлүүлэв.
Засгийн газрын 79 дүгээр тогтоолоор батлагдсан “Хяналт шалгалтын төлөвлөгөө”-ний дагуу Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Оюу толгой” ХХК-ийн ил, далд уурхайн бүтээн байгуулалт, “Таван толгой” ХХК-ийн нүүрс боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэж байгаа барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний угсралтын байдалд 2023.10.10-16-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, тусгай зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил гүйцэтгэсэн 4, цахилгаан шугам сүлжээ нь ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй “Админерал” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу 26 сая, төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зөрчил арилгах хүртэл 23 объектын үйл ажиллагааг зогсоох даалгавар өгөв.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн яаралтай шийдвэрлэх асуудлууд, ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:
Барилгын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуулийн уялдааг сайжруулж, Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг эцэслэн боловсруулж, сайдад танилцуулах;
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, барилга угсралтын ажлыг ирэх хавар эхлүүлэх;
Барилгуудад хийсэн шалгалтын хүрээнд холбогдох арга хэмжээнүүдийг авч, өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, удаа дараа зөрчил гаргаж буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах;
Зөрчилтэй, хугацаа хэтэрсэн, шийдвэрлэгдээгүй удсан асуудлуудын судалгаа, дүгнэлтийг гаргаж, нарийвчлан танилцуулах;
Увс, Завхан, Дорнод, Говьсүмбэр, Баян-Өлгий аймгийн цэвэрлэх байгууламжуудыг шинээр барих төслийн гэрээг нягталж шинэчлэх.