МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсад Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ой, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны өдрийг тохиолдуулан тус салбарт хөдөлмөрлөж байсан үе үеийн ахмадууд, нийт ажилтан, албан хаагчид та бүхний амар амгаланг айлтган чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.
Хот, суурин газар бий болсон цагаас эхлэн иргэдийн тав тухтай, эрүүл орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нөр их үйлст тус салбарынхан хөдөлмөр зүтгэл, ажил бүтээлээрээ манлайлан оролцож, салбарын шавыг тавьснаас хойш өнөөдөр хөгжлийнхөө 92 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар орон сууцны ашиглалт, нийтийн аж ахуйн ажил үйлчилгээний чиглэлээр нийт 226 байгууллага үйл ажиллагаа эрхэлж байгаагаас 51 нь орон нутагт, 175 нь нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр байгууллагуудад 12008 инженер техникийн мэргэжилтэн болон ажилтан албан хаагчид ажиллаж байна.
Нийтийн аж ахуйн салбар нь хүний үндсэн эрх болох баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийг хангадаг учир төр засгаас онцгой анхаарч жил бүр нэлээдгүй хөрөнгө оруулалтыг Улсын төсвөөс санхүүжүүлж ирлээ. Барилга, хот байгуулалтын сайдын багцад 2020 онд нийт 114.6 тэрбум төгрөгийн, 2021 онд нийт 114.9 тэрбум төгрөгийн, 2022 онд 136.2 тэрбум төгрөгийн, 2023 он гарснаар 98.4 тэрбум төгрөгийг орон сууц, нийтийн аж ахуйн салбарын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлийн ажилд оруулсан байна.
Түүнчлэн олон улсын санхүүгийн байгууллага, гадаад улсын зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хот, 16 аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчилж байгаагаас 10 аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулаад байна. Мөн 13 сумын төвд инженерийн дэд бүтцийн хангамжийн төвлөрсөн эх үүсвэр, тэдгээрийн шугам сүлжээ барьж байгуулах ажлыг гүйцэтгэж байна.
“Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлаар батлуулан 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс мөрдөж эхлээд байна. Мөн орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
Цаашид орон сууц, нийтийн аж ахуйн салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, салбарын байгууллагуудын санхүүгийн чадавхыг сайжруулах, ашиглалт, үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, удирдлагын болон хөрөнгө, санхүүгийн менежментийг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажиллах болно.
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтан, нийт хамт олон Та бүхэндээ хүн амын эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх их үйлсэд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН
САЙД Ц.ДАВААСҮРЭН