БАРИЛГЫН САЛБАРТ НОГООН, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИУДЫГ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

Монголын барилгын салбарт эрчим хүчний хэмнэлттэй, галд тэсвэртэй ногоон барилгын дэвшилтэт технологиуд нэвтэрч байна. Олон улсын ногоон барилгын гэрчилгээг бүрэн хангасан хувийн сууцууд ч баригдсаар байна. Мөн хуучны угсармал орон сууцуудыг дулаалах ажил өрнөж байгаа билээ. Барилга орон сууцууд хана, шал, тааз, цонхны хэсгүүдээрээ дулаан алдагдал ихтэй байдаг. Иймээс дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт гаргах дэвшилтэт технологиудыг өргөнөөр нэвтрүүлэх асуудал чухлаар тавигдаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр /2022.10.20/-ний өдөр “Барилгын салбарт шинэ дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх нь” сэдэвт семинарыг зохион байгууллаа. Семинарт Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Кингспан Монголиа ХХК, Монголын Ногоон барилгын зөвлөл, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын хот байгуулалтын хөгжлийн танхим, Монголын Архитекторуудын эвлэл Монголын зураг төсөл зохиогч болон барилга угсралтын компанийн төлөөллүүд оролцлоо. Семинарын үеэр Монголын барилгын салбарт нэвтрүүлж буй шинэ технологиудыг танилцуулж, нэвтрүүлэх асуудлуудын хүрээнд талууд байр сууриа солилцлоо.

Тухайлбал: Кингспан Монголиа ХХК нь Европын холбооны BRE Global итгэмжлэлийн байгууллагаас Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний “BREG EN EPD” гэрчилгээ, Монгол Улсын БОАЖЯ-наас “Ногоон гэрчилгээ” авсан бүтээгдэхүүнүүдээ танилцуулав. Тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч “Kingspan Limited” ХХК нь Оросын холбооны улс, Казакстан, Турк улсуудаас Тохирлын гэрчилгээ авсан төдийгүй, “EN15804” стандартын шаардлагыг хангасан хана, дээвэр, гадна фасадны дулаалгатай хавтан, барилгын хийц, бүтээцүүдийг үйлдвэрлэж байна.

Дэвшилтэт технологиудыг шингээсэн дээрх бүтээгдэхүүнүүд нь байгаль орчинд ээлтэй, усны болон эрчим хүчний хэмнэлттэй, дулаан тусгаарлах чадвар өндөртэй, галд тэсвэртэй, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах олон давуу талуудыг бий болгож байгаа юм.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан