“АЙМГИЙН ТӨВҮҮДИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН "G9206-МОН ТӨСӨЛ” ДУУСАХ ШАТАНДАА ОРЛОО
Барилга, хот байгуулалтын яам “Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сан”-ийн 2 сая америк долларын буцалтгүй тусламжийг Азийн хөгжлийн банкны захиран зарцуулах эрхийн дагуу “Аймгуудын төвийн хатуу хог хаягдлын менежментийн 9206-МОН төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж, дуусгах шатандаа ороод байна.
Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хатуу хаягдалд түшиглэн ядуурлыг бууруулах тогтолцоог бий болгох төсөл УБ хотод хэрэгжиж байсан бол ийнхүү орон нутагт анхлан хэрэгжиж байгаа билээ.
Төсөлд хамрагдсан Говь-Алтай, Дархан-Уул, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн төвүүдэд хатуу хог хаягдлын үр дүнтэй менежментийг бий болгож, дахин боловсруулах тогтолцоог нэвтрүүлж, хаягдлыг эх үүсвэр дээрээ бууруулах, ангилан ялгах дадал бий болгох, бичил бизнесийг дэмжиж, хүрээлэн буй орчны нөхцөлийг сайжруулахаар ажиллаж байна.
Төсөл 3 үр дүнд хүрэх төлөвлөгөөтэй. Үүнд:
Аймгийн төвүүдийн хатуу хог хаягдлын менежментийн дэд бүтцийг аймгийн төвүүдэд барьж байгуулна;
Аймгийн төвийн хатуу хог хаягдлыг дахин боловсруулах аргачлалыг нэвтрүүлж, хувийн хэвшлийн санаачлагыг дэмжинэ;
Хатуу хог хаягдлын менежмент, бодлогын талаархи олон нийтийн мэдээлэл, ойлголтыг нэмэгдүүлнэ.
Дэд бүтцийн дараах ажлууд хийгдээд байна. Үүнд:
Говь-Алтай, Сүхбаатар аймагт тус бүрт:
53,000м3-ийн багтаамжтай ландфиллын хүнхээл, хашаа болон дэд бүтцийн хамт;
Хатуу хог хаягдал нягтруулан тээвэрлэх төв, авто пүү, дахивар хүлээн авах зориулалт бүхий тохижуулсан 4 ширхэг контейнер цэг;
Өвөрхангай аймагт:
Авто пүү, дахивар хүлээн авахаар тохижуулсан 5ш контейнер цэгийн барилгыг 2022 оны 06 сарын 28-ны өдөр байнгын ашиглалтад хүлээж авсан.
Дархан-Уул аймагт:
Дахивар хүлээн авах тохижуулсан 5ш контейнер цэгийн барилгыг 2022 оны 08 сарын 17-ны өдөр байнгын ашиглалтад хүлээж авсан;
Цаашид төслийн дэд бүтцэд тулгуурлан ахуйн хаягдлын хэмжээг бууруулах, эх үүсвэр дээр нь ангилж, дахивар хаягдлыг эргүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулснаар байгаль орчны бохирдлыг бууруулах дадал суулгах нөлөөллийн арга хэмжээг боловсруулж ажиллахаар бэлтгэж байна. Мөн аймгуудын тохижилт үйлчилгээ хариуцсан орон нутгийн өмчит газруудад хатуу хаягдлын ландфиллын ажиллагаанд зориулсан машин механизмуудыг /3ш авто-ачигч, 1ш дугуйт экскаватор /2022 оны 10-дугаар сард нийлүүлнэ/. Өнөөдрийн байдлаар нийт төслийн төлөвлөгөө 86 хувийн биелэлттэй байна.