“ДЭЛХИЙН ХОТУУДЫН 11 ДЭХ УДААГИЙН ФОРУМ” ПОЛЬШ УЛСЫН КАТОВИЦ ХОТНОО БОЛЖ БАЙНА
НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөр (ХАБИТАТ)-өөс 20 жил тутамд 1 удаа шинэчлэн баталдаг “Хотжилтын шинэ хөтөлбөр (2016)”-ийн хэрэгжилтийг хангах, түүнд тулгамдаж буй асуудлыг даван туулах зорилгоор тус байгууллагын зүгээс 2 жил тутамд “Дэлхийн хотуудын форум”-ыг зохион байгуулж, үүнд Монгол Улсын Засгийн газраас Барилга, хот байгуулалтын сайдын түвшинд 2018, 2020 онуудад оролцож, хот байгуулалтын чиглэлээр авч хэрэгжүүлж буй зорилго, зорилт, үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлж ирсэн.
Энэ удаагийн 11 дэх форумд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайд Б.Дорж, Элчин сайдын яамны 3-р нарийн бичгийн дарга А.Түвшин нар тус улсын Катовиц хотод 2022 оны 06 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд тохиож буй арга хэмжээнд урилгаар оролцож байна.
Форумын хөтөлбөрийн дагуу 40 гаруй улс орны хот байгуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, сайд, дэд сайд, хотын дарга болон олон улсын байгууллагын төлөөллийг хамруулсан “Сайд нарын дугуй ширээ” сэдэвт арга хэмжээ амжилттай болж, уг хурлын үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Монгол Улсын Засгийн газраас барилга, хот байгуулалтын салбарт баримталж буй бодлого, Хөшигийн хөндий дэх “Шинэ Зуунмод” хотын талаар гадаад улс, орнуудтай санал бодлоо солилцлоо. Тэрээр хэлэхдээ “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт “Шинэ Зуунмод” хотыг байгуулах арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар тусгасан бөгөөд “Хотжилтын шинэ хөтөлбөр”-ийн зорилтуудыг бүтээн байгуулалтын үйл ажиллагаандаа тусгаж, олон нийтийн оролцоотой төлөвлөн, хэрэгжүүлэхийг зорьж байна. Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь хүн амын нутагшилт суурьшлын тогтолцоонд тулгуурлан хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох, нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, хүн амын аюулгүй, амгалан тайван, дэд бүтцийн хүртээмжтэй орчинд амьдрах нөхцөлийг хангахад чиглэж, олон улсын зэрэглэлтэй, орчин үеийн шинэ хот байгуулах шийдвэр нь Монгол Улсын хот байгуулалтын салбарын хувьд 40 жилийн дараа анх удаагаа гаргасан түүхэн шийдвэр боллоо. “Хотжилтын шинэ хөтөлбөр”-ийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хамтдаа даван туулахын төлөө хамтран ажиллахад бэлэн байна.” гэлээ.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 2022 оны 06 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд ажилласнаар форумд оролцох арга хэмжээ дуусгавар болж, үргэлжлүүлэн Монгол, Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны монгол хэсгийн даргын хувьд Польш Улсын Хөгжлийн сан, бүсчилсэн бодлогын яам болон Хөгжил, технологийн яамдын сайд нартай хоёр талт уулзалтуудыг хийхээр тус улсын нийслэл Варшав хотыг зорилоо.
Дашрамд дурдахад “Монгол дахь барилгын салбар” сэдэвт вебинар арга хэмжээг Польшийн Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагаас 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагт зохион байгуулж, тус вебинарт хоёр улсын барилгын материалын үйлдвэр, худалдаа эрхлэгч нар оролцоно.