БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөл хуралдаж, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх “2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ. Одоо мөрдөгдөж байгаа Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага зэрэг баримт бичгүүдийн хугацаа дуусч байгаа учир албаныхан “2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулаад байна. Тус төлөвлөгөөг 2017- оноос эхлэн боловсруулж, нийслэлийн 9 дүүрэг 172 хороодод хэлэлцүүлэг зохион байгуулж, олон нийтийн саналыг авч, мэргэжлийн байгууллагууд, зураг төслийн багууд, эрдэмтэн судлаачдын судалгаанд суурилан боловсруулжээ. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хүн амын өсөлт, суурьшилт, нийгэм эдийн засгийн тэлэлт, байгаль орчин, ногоон байгууламжийн сүлжээ болон менежмент, орон зайн төлөвлөлт, зам тээврийн сүлжээ, инженерийн дэд бүтцийн хангамж зэрэг төлөвлөлтүүд тусгагджээ. Улаанбаатар хот 1.499.200 хүн амтай. Энэ тоо 2040 он гэхэд 2.089.000 болох бөгөөд одоо байгаа 1,125 км хотын авто замын сүлжээ 3107 км болж тэлэх тооцоолол гарч холбогдох төлөвлөлтүүд хийгдсэн байна. Эдийн засгийн тэргүүлэх салбаруудын хувьд боловсруулах үйлдвэр, тээвэр ложистик, мэдээлэл технологи, аялал жуулчлал, үйлдвэрлэлийн салбарууд багтжээ. Тус төлөвлөгөөний танилцуулгын дараа зөвлөлийн гишүүд 2020 оны ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, гэр хорооллын төлөвлөлт, инженерийн дэд бүтэц тэрдундаа эрчим хүч, үерийн усны далан хамгаалалтын төлөвлөгөө тооцооллыг тодруулсан. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй гэсэн дүн гарсныг албаныхан танилцуулсан юм. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө юунаас, ямар шалтгаануудаас болж хэрэгжилт нь хангалтгүй байгааг, алдаа хаана байсан бэ? гэдгийг тодруулж, улмаар өмнөх алдааныхаа шалтгаан, үр дагаварыг нарийн гаргасны үндсэн дээр дараагийн “2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг улам бүр нарийвчлан боловсруулж, бодит тооцооллуудыг тусгах, хэсэгчилсэн төлөвлөгөөнүүд нь батлагдаагүй байхад газар олголт нь түрүүлж яваад бурууддаг алдааг давтахгүй байх чиглэл өгч, төлөвлөгөөг сайжруулан дахин оруулж ирэхийг үүрэгдэн буцаалаа.