ЭМГЭНЭЛ

БАТЫН РАВДАНСАМБУУ

(1926 – 2021)

Монгол төрийн сайд асан, Монгол Улсын "Гавъяат барилгачин" Батын Равдансамбуу хүнд өвчний улмаас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.

Б.Равдансамбуу 1926 онд Увс аймгийн Сагил сумын нутагт “Хоолойн ам” гэдэг газар төрж, бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөж, эрдэм номын гараагаа Бөхмөрөн сумын бага сургуульд суралцахаас эхэлжээ. 1944 онд аймгийн төвийн дунд сургуулийг төгсөж, улмаар МУИС-ийн эдийн засгийн ангийг 1950 онд дүүргэж, “Төлөвлөгч-эдийн засагч”мэргэжил эзэмшсэн байна. 1963-1965 онд Москва хотноо Нийгмийн ухааны академид суралцан төгсчээ.

1950-1952 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, үнийн хэлтсийн дарга, 1952-1963 онд БНМАУ-ын Аж үйлдвэрийн яамны орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, Үнэ, стандартын хорооны дарга, Их барилгын төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавьж, шуурхай арга хэмжээ авах Улсын комиссын дарга зэрэг төрийн өндөр хариуцлагатай албыг олон жил үр бүтээлтэй хашсан байна.

Б.Равдансамбуу нь Монгол оронд стандарт, хэмжил зүйн салбарын үндсийг тавьсан хүн билээ.

1965-1967 онд Дархан хотыг барьж байгуулах үйлсэд хүчин зүтгэж Дарханы барилгуудыг удирдах газрын дарга, 1968 онд Техник туслалцааны барилгын трестийг үүсгэн байгуулж анхны даргаар арав гаруй жил ажиллахдаа Улаанбаатар хотын Сүүний үйлдвэр, Үндэсний түүхийн болон Лениний музейн барилга, Буянт-Ухаа дахь олон улсын нисэх буудал, Авто чиргүүлийн үйлдвэр, Байшин үйлдвэрлэх комбинат, Үслэг эдлэлийн үйлдвэр, Төмөр хийцийн үйлдвэр зэрэг 200 гаруй томоохон барилга байгууламжийг чанарын өндөр түвшинд барьж байгуулахад гар бие оролцжээ.

1979-1983 онд Улаанбаатар хотын Мебель, картоны комбинатыг барьж байгуулах ажлыг удирдан зохион байгуулж ашиглалтад хүлээлгэж өгсөн. 1983-1989 онд Барилгын модон эдлэлийн үйлдвэрийн дарга, СОТ-3 барилгын трестийн Монгол захиргааны даргаар тус тус томилогдон ажилласан байна.

Тэрбээр Монгол Улсын Их барилга, аж үйлдвэр, техник технологийн салбарт нийтдээ 46 жил ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Түүний хөдөлмөр бүтээлийг төрөөс өндөр үнэлж Монгол Улсын Гавъяат барилгачин цол, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Нийслэлийн хүндэт өргөмжлөл зэрэг шагнал хүртээжээ.

Талийгаачийн ажилч хичээнгүй, шулуун шударга, төлөв даруу зан чанар, эх оронч, хүнлэг сайхан сэтгэл бид бүхний сэтгэлд үүрд мөнх дурсагдах болно.

Ум сайн амгалан болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР, ДЭД САЙД Э.ЗОЛБОО, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАГНАЙСҮРЭН, БХБЯ-НЫ ХАМТ ОЛОН.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан