“КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД УС ХАНГАМЖ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТИЙГ ХАНГАХ НЬ” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО
Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн 6-р зорилго болон Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “КОВИД-19 цар тахлын үед ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний тогтвортой менежментийг хангах нь” Зөвлөлдөх уулзалт боллоо. Тус уулзалтыг Барилга, хот байгуулалтын яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран зохион байгууллаа.
Өнөөгийн нийгэмд тулгамдаад буй Ковид-19 цар тахал нь дэлхий нийтийн харах өнцгийг тогтвортой хөгжлийн 6-р зорилтод чиглүүлж байгаа бөгөөд энэ нь бүх нийтийг баталгаат ундны ус болон шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангаж, цаашид ус, ариун цэврийн тогтвортой менежментийг сайжруулахад гол анхаарлаа хандуулахыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл Ковид-19 цар тахлаас болж дэлхийн олон орон нийгэм, эдийн засгийн асар их хохирлыг амссаар байгаа бөгөөд олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын тандалт судалгаагаар зөвхөн УС, АРИУН ЦЭВЭР, ЭРҮҮЛ АХУЙН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХ НЬ эрсдэлийг бууруулахаас гадна урьдчилан сэргийлэх суурь нөхцөл болж байгааг дэлхий нийтэд зарласан.
Иймээс тус зөвлөлдөх уулзалтаар Ковид-19 цар тахлын үед ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний тогтвортой менежментийг хангах асуудлаар холбогдох яам, агентлаг болон олон улсын байгууллагуудын шийдвэр гаргах түвшний 70 гаруй удирдах албан тушаалтнуудыг оролцсон байна.
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар “...хот болон хөдөө орон нутагт амьдардаг, ялангуяа нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг Монголчуудын ундны усны хангамж, ариун цэврийн байгууламжийн нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцахад ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж янз бүрийн түвшинд харилцан адилгүй байна. Гэр хорооллын өрхийн нэг хүн хоногт 8 литр ус хэрэглэж байхад орон сууцанд амьдарч байгаа хүний хоногийн хэрэглээ 100 литр байна. Энэ нь цар тахлын үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа “Гараа угаах” зөвлөмжийг гэр хороололд ард иргэдийн дунд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна. Цаашид бид зорилтод бүлгүүдэд чиглэсэн шаардлага хангасан ус хангамж, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн үйлчилгээг шинэ дэвшилтэд техник технологийн шийдлээр хүргэх ёстой”-г онцлон хэллээ.
Барилга, хот байгуулалтын Сайд Б.Мөнхбаатар: ...хүн амаа стандартын шаардлагад нийцсэн ундны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх байгууламжийг шинээр барих, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр үе шаттай төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар дурдлаа.
НҮБ-ын Монгол дахь Суурин Зохицуулагч Тапан Мишра: “хөдөө орон нутагт түгээмэл хэрэглэгддэг ил жорлон нь аюулгүй байдлыг хангахгүй төдийгүй халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлж байна. 2018 оны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар Монгол Улсын нийт өрхийн 31 хувь нь ариун цэврийн байгууламжийн наад захын “суурь” үйлчилгээгээр хангагдаагүй байна гэсэн тооцоолол гарсан байсан цаашид үүн дээр анхаарах шаардлагатай байгаа талаар хэллээ.
Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 6 дугаарт баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах гэж тусгасан байдаг. Гэсэн хэдий ч 2018 оны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар Монгол улсын нийт өрхийн ердөө 38 хувь нь сайжруулсан, хүртээмжтэй, аюулгүй, найдвартай ундны усаар хангагдсан бол улсын хэмжээнд нийт өрхийн 31 хувь нь ариун цэврийн байгууламжийн суурь үйлчилгээгээр хангагдаагүй гэж гарсан байна. ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан хяналт шинжилгээний хөтөлбөр (JMP) -ийн сүүлийн мэдээгээр 2019 онд Монгол Улсын хэмжээнд сургуулийн 23 хувь нь гараа савангаар угаах анхан шатны хүртээмжгүй байгаа нь сургуулиуд COVID-19 цар тахлын үед аюулгүй ажиллагааг хангахад хүндрэл учруулж байна. Сургуулиудын дөнгөж 74 хувь нь ундны цэвэр усаар, 63 хувь нь ариун цэврийн байгууламжаар хангагдсан байв.
Ил жорлон нь хижиг, цусан суулга, гепатит А-ийн зэрэг халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлдэг бөгөөд суулгалт өвчин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 6 хувийг эзэлж байна. Тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилт нь жендерийн тэгш байдлыг хангах зорилготой боловч хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд, охид, ялангуяа эмзэг бүлгийн охид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн гэр, сургууль, цэцэрлэг дэх баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж хангалтгүй байна.
Одоо хэрэгжүүлж байгаа үндэсний тэргүүлэх чиглэл, бодлогын нэг болох Монгол Улсын Алсын хараа 2050-ын 6.3-т нь хүн амын 90 хувийг ундны ус болон шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгоно гэж заасан байна. Монгол улсын Засгийн газар нь Ил задгай жорлон болон саарал усны системд тавих техникийн шаардлага; Жижиг бүлгүүдэд зориулсан ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөөний заавар; Эрүүл мэндийн салбарын хог хаягдлын менежментийн үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг баталсан байна.
НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ нь дэлхий даяар болон Монгол улсад зохих хэмжээний ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд эмзэг бүлгийн иргэдийг эрүүл мэнд, хүрээлэн буй орчноо хамгаалах арга хэрэгслээр дэмжих зорилгоор "Монгол Улс-2020 эрүүл ахуйн үндэсний аян" хамтарсан санаачилгыг гаргасан. Гэсэн хэдий ч салбар дундын урт хугацааны стратеги, бодлогын хэрэгжилт дутагдалтай, салбарын нөөц мэдлэг дутмаг байгаа бөгөөд зуд, ган гачиг болон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэврийн байгууламжийн нөөц хангалтгүй хэвээр байна.