“ШИНЭЭР ТАВИГДАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ТӨМӨР ЗАМЫН ДАГУУ GPS-ИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ, 1:25000 МАСШТАБТАЙ БАЙР ЗҮЙН ЗУРАГ ЗОХИОХ” ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

 “Шинээр тавигдахаар төлөвлөж буй төмөр замын дагуу GPS-ийн сүлжээ байгуулах, 1:25000 масштабтай байр зүйн зураг зохиох” төслийн үр дүнг хүлээн авах, танилцуулах ёслолын ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Ёслолын  ажиллагаанд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, ГЗБГЗЗГ-ын дэд дарга А.Батбаяр, Геосан ХХК-ийн ерөнхий захирал Г.Ихбаяр, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЗТХ-ийн сайд Л.Халтар нар оролцож үг хэллээ.  

Шинээр төлөвлөгдөж буй инженерийн дэд бүтцийн ажлуудад 1:25 000-ны масштабтай байр зүйн зургийн хэрэгцээ шаардлага үүссэн тул геодези, зураг зүйн салбарыг хөгжүүлэх стратеги зорилтуудын хүрээнд “Шинээр тавигдахаар төлөвлөж буй төмөр замын дагуу GPS-ийн сүлжээ байгуулах, 1:25000 масштабтай байр зүйн зураг зохиох” гэрээт ажлыг 2011 оноос эхлэн зохион байгуулагдсан.  Энэхүү төсөл нь энэ онд дуусаж байна.

Уг төсөл нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн 45 хувь буюу 704 000 кв.км талбайг хамрах нийт 7328 хуудас 1:25000-ны масштабтай байр зүйн зургийг агаарын болон сансрын зураглалын аргаар хийж гүйцэтгэсэн.

Төслийн үр дүн болох дунд масштабын байр зүйн тоон өгөгдөл, мэдээлэл нь газрын харилцаа, байгаль орчин, хөдөө аж ахуй, хот байгуулалт, барилга байгууламж, инженерийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, уул уурхай зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбаруудын байрлалд суурилсан суурь мэдээллийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм.  

Мөн уг төсөл нь агаарын зураглалын технологиор дотоодын мэргэжилтэн, хүний нөөцийг ашиглан хийж гүйцэтгэснээрээ онцлогтой юм. Энэ нь геодези, зураг зүйн салбарын хувьд том дэвшил бөгөөд цаашид бид өөрсдийн дотоодын хүчин чадлыг ашиглан тухайн төрлийн ажлыг хийж гүйцэтгэх боломжтой болж байгааг илэрхийлж байна.

Үүнээс гадна энэхүү төслийн үр дүнг шинэчлэн баяжуулан авч явах, хэрэглээнд нэвтрүүлэх нь зөвхөн нэг байгууллагын асуудал биш бөгөөд байр зүйн тоон зураг дээрх орон зайн мэдээллийг бүрдүүлэгч зам, тээвэр, харилцаа, холбоо, байгаль орчин, уул, уурхай зэрэг олон салбарын оролцоо, үүрэг хариуцлага байх талаар Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай анхдагч хуулийн төсөлд тусгаж, холбогдох бусад хуулинд өөрчлөлт оруулж эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Дашрамд хэлэхэд энэ жил Монгол Улсад Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90, төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байна. Энэхүү ойн арга хэмжээний өмнө Монгол Улсын хөгжил дэвшилд шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлэн хүлээлгэн өгч байгаа нь тэмдэглүүштэй юм.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан