Б.Мөнхбаатар: Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, төслийг цаг хугацаанд нь дуусгахын тулд ажлын зураг төслөөс эхлэн анхаарал хандуулж, хяналт тавьж ажиллах нь зүйтэй

Өнөөдөр /2020.07.31/ “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн зураг төслийн хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон холбогдох албаныхан оролцсон юм.

Хэлэлцүүлгийг нээж Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар үг хэлэв.

Улаанбаатар хотын иргэдийг ая тухтай амьдруулах, хот байгуулалтад жинтэй нөлөө үзүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх, амжилтай хэрэгжүүлэх хариуцлагатай он жилүүд бидний өмнө байна.

1964 онд Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноос хойш цэвэрлэх байгууламжийн техник, технологийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн.

Гэсэн хэдий ч ашиглалтын явцад Төв цэвэрлэх байгууламжийн төмөр бетон хийц, эд ангиуд хуучирч муудан, технологийн горим алдагдаж, бохир ус цэвэрлэгээний түвшин стандартын шаардлага хангахгүй, лагийн байгууламжгүй зэрэг нөхцөл байдлаас үүдэн Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих, технологийн шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага тулгарсан.

Мөн Улаанбаатар хотын цэвэрлэх багууламжаас үүдэлтэй агаар, хөрсний бохирдол, Туул голын экологийн доройтлын эсрэг Засгийн газраас анхаарал хандуулж, шат дараалсан арга хэмжээ авсаны үр дүнд томоохон төслүүд хэрэгжиж эхэлсэн юм.

Нийслэл хотын хүн амын өсөлт, үйлдвэржилт, барилгажилтаас шалтгаалан усны хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор бид стандартын шаардлага хангасан усыг цэвэрлэх, цэвэрлэсэн усыг дахин ашиглахаар томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлээд байна.

Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг БНХАУ-ын хөнгөлөлтэй зээлээр барихаар шийдвэрлэсэн.

Үүний дагуу Францийн ““Артелиа Вил энд Транспорт” ХХКомпанийн ТЭЗҮ-г үндэслэн БНХАУ-ын Шанхай хотын инженерийн зураг төслийн институт гүйцэтгэж байгаа бөгөөд Монгол Улсын барилгын норм ба дүрэмд нийцүүлэн Монгол хэл дээр хөрвүүлэх ажлыг “Сивил инженеринг консалтинг” ХХК, “Криетив монголия” ХХКомпанийн түншлэл ажиллаж байна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг корпораци”, “Бээжин констракшн инженеринг групп”-ын түншлэл шалгарч түлхүүр гардуулах нөхцлөөр  262.7 сая ам.долларын гэрээ байгуулан хоногт 250,0 мянган шоо метр ахуйн бохир усыг цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна.

Дэлхий нийтэд тархсан цар тахлаас шалтгаалан гадны хөрөнгө оруулалтай төслүүд удаашрах эрсдэлтэй байна. Мөн барилгын ажлыг чанарын өндөр тевшинд гүйцэтгэж, төслийг цаг хугацаанд нь дуусгахын тулд бид цаг хугацаа алдалгүй ажлын зураг төслөөс эхлэн анхаарал хандуулж, хяналт тавьж ажиллах нь зүйтэй.

Иймээс өнөөдөр байгууламжийн зураг төслийн ажлын явцын талаар төслийн нэгж болон зөвлөх компаниуд та бүхэнд танилцуулна.

Монгол улсын зөвлөх компаниуд, салбарын инженерүүд, зургийн экспертүүд та бүхнийг өнөөдрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож мэргэжлийн ур чадвар гарган ажлын зураг төсөлтэй танилцан олон улсын стандарт, Монгол Улсын стандарт, барилгын норм дүрэмд нийцэж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт, санал шүүмжийг өгч хамтран ажиллахыг хүсч байна.

Ингэснээр урт хугацаанд үр өгөөж өгсөн, шинэ дэвшилтэд технологи ашигласан, нийслэлчүүдийн тулгамдсан асуудлыг шийдэж чадсан томоохон бүтээн байгуулалт болж чадна гэж итгэж байна.

Нийслэлчүүдээ цэвэр усаар хангах, бохир усыг хүлээн авч цэвэрлэх хариуцлагатай үүргийг 60 жил хашиж байгаа Ус сувгийн удирдах газарт энэхүү байгууламжийн ашиглалтын үйл ажиллагааг цаашид хариуцан авч явах үүрэг ногдоно.

Барилга, хот байгуулалтын яамны зүгээс энэхүү төсөлд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгааг хэлмээр байна гэв.

Дараа нь Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн нэгжийн зохицуулагч Т.Болорчулуун төслийн талаарх ерөнхий мэдээллийг танилцуулав.

Үргэлжүүлэн хэлэлцүүлэгт оролцогчид зураг төслийн талаар тодорхой мэдээлэл авч, санал бодлоо солилцсон юм.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан