БАРИЛГА УГСРАЛТ, ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ХЭМЖЭЭ 1.8 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
Барилга, бүтээн байгуулалтын салбарын үйл ажиллагаа 2019 онд өргөжин тэлж, хөрөнгө оруулалт нэмэгдэж томоохон бүтээн байгуулалт өрнөсөн жил болж байна.
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2019 оны хагас жилийн өсөлтөд аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 9.3 хувиар буюу 230.7 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2019 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 их наяд төгрөгт хүрсний 94.1 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 108.3 (5.9%) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 199.7 (12.1%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Барилга угсралт, их засварын ажлын 30 хувийг орон сууцны барилга, 51.5 хувийг орон сууцны бус барилга, 17 хувийг инженерийн барилга, байгууламж, 1.5 хувийн их засварын ажил эзэлж байна
.
Ипотек, түрээсийн орон сууцны чиглэлээр:
Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны 07 дугаар сарын байдлаар нийт 246 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 3479 иргэнд олгоод байна. Үүнээс:
*Монгол банкны эх үүсвэрээс: 111.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1570 иргэнд
*Засгийн газрын эх үүсвэрээс: 65,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 919 иргэнд
*Банкууд өөрийн эх үүсвэрээс: 70.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 989 иргэнд тус тус олгожээ.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд түрээсийн 1512 айлын сууцны санг бүрдүүллээ.
Мөн Хөгжлийн банкны санхүүжилтээр орон нутагт 570 айл, Улаанбаатар хотод 972 айл, нийт 1542 айлын орон сууцыг барьж, ашиглалтад орууллаа. Эдгээр орон сууцыг орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэн өгөх шийдвэрийг Засгийн газрын 2019 оны 223 дугаар тогтоолоор шийдвэрлэн ажиллаж байна.
Газар өмчлөлийн чиглэлээр:
Энэ оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Монгол Улсын 6135 иргэнд 776.34 га газрыг өмчлүүлжээ. Нийт өмчлүүлсэн газрын 343.03 га буюу 44.3 хувийг одоо эзэмшиж байгаа газраа өмчилсөн, 352.88 га буюу 45.4 хувийг шинээр газар өмчилсөн, 74.76 га буюу 9.5 хувь нь улсын чанартай авто замын дагуу газар өмчлөн авчээ.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ