БАРИЛГА УГСРАЛТЫН НОРМ, ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Сангийн яамны санаачилгаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ хамтран “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй ажлуудын зураг төсөв, холбогдох норм дүрэм, тулгамдсан асуудал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт барилга, эрчим хүч, зам тээврийн салбарын төсөл, арга хэмжээний зураг төсөл, төсөв зохиогч байгууллагууд оролцож тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцаж, хуулийн төсөлд саналаа өглөө.
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг илүү үр дүнтэй болгох үүднээс Сангийн яамнаас Төсвийн хөрөнгө оруулалтын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж эхлээд байгаа.
ЗУРАГ ТӨСЛИЙН ЗӨРЧИЛТЭЙ ГАЗРУУДАД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА СУЛ БАЙНА
Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү хэлэлцүүлгийн үеэр “Норм, дүрмийн иж бүрэн анализ хийж давхардлыг арилгах дутагдалыг түргэн шуурхай боловсруулахаар ажиллаж байна. Аливаа улсад хөрөнгө оруулалтын зөв хуваарилалтаас гадна тухайн цаг үеийн шаардлагад нийцүүлэн барилгын норм, дүрмээ шинэчилдэг. Гэтэл манай улсад энэ асуудал нэг талдаа гаралгүй гурван өөр чиглэлээр ажиллаж байна. Тодруулбал, 1990 оноос өмнөх стандарт, 1990-2000 оны дүрэм ба түүнээс хойших гэж ангилагддаг. Үүнд хамрагдаж байгаа 400 гаруй дүрмийг багц хэлбэрт оруулснаар төсвийн зарцуулалт үр ашигтай байна.
Барилгын зураг төсөл ямар хэмжээнд чанартай сайн гарна түүнийг дагаад угсралт бүтээн байгуулалтын ажил стандартын дагуу хийгдэнэ. Гэтэл заасан хугацаанд зураг төслөө гаргаж өгдөггүй, төсөв нь дутсан гэх шалтгаанаар улсаас авсан ажлаа цаг хугацаанд дуусгадаггүй тохиолдол цөөнгүй. Хариуцлагын шатанд ирэхээр 20 сая хүртэл төгрөгийн торгууль ирдэг нь үйл ажиллагаагаа чанаржуулах хөшүүрэг болохгүй. Үүнийг хуулийн хүрээнд шийдвэрлэнэ” гэдгийг онцоллоо.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг “2024 онд 97 суурь норм дүрмийн стандартыг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Энэ онд багтаан батлуулна. Цаашлаад зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн тогтолцоог шинэчлэх хүрээнд Барилгын тухай хуулиа Барилгын ерөнхий хууль болгон шинэчилж байна.
Монгол Улсын Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, төсөв зохиох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 854 нь ААНБ тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулж байна. Зураг төсөлд холбогдох дүрэм, журам, норм нормативын баримт бичгүүд хангалттай байгаа ч зохиогчийн хяналтын асуудал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлууд дээр ялгамжтай байдаг. Зураг төслийн хяналтын зохиогчийн эрхийн зардал нь нийт төсөвт өртгийн нэг хувь байдаг. Зохиогчийн хяналт хийхэд тухайн төсөв хүрэлцдэггүй асуудал ААНБ-д тулгардаг. Эдгээр асуудлуудыг тухайн барилга, байгууламжийн байршлаас хамааран ялгамжтай байдлаар тогтоодог байх зэрэг эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлага байна.
Мөн төсвийн үнэ бүрдлийн гол баримтыг батлахдаа Сангийн сайдтай хамтарч батлах гэсэн Барилгын тухай хуульд тусдаа заалт орсон байдаг. Энэ нь тухайн холбогдох баримт бичгүүдийг шуурхай батлах, салбарт хүргүүлэхэд хүндрэл үүсгэдэг. Үүнээс шалтгаалан манай салбарын зарим үйл ажиллагаа удааширдаг. Мөн 2000-2012 оны хооронд боловсруулагдсан төсвийн суурь нормуудыг шинэчлэх шаардлагатай байна. Эдгээрийг шинэчлэх асуудал дээр норм дүрмүүдийг боловсруулах боловсон хүчин дутагдалтай байгаа. Тиймээс салбарын залуу мэргэжилтнүүдээ уриалах, норм, нормативын баримт бичиг боловсруулах дүрмийг шинэ шатанд гаргах хэрэгтэй гэж үзсэн. Энэ хүрээнд Барилгын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байна” гэлээ.
Цаашид ТЕЗ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хувийн хэвшил буюу гүйцэтгэгч болон зураг төсөл, төсөв зохиогч байгууллага, мөн захиалагчийн техник, технологийн хяналт хэрэгжүүлэгч байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авах, мөн төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хамаарах этгээдийн дунд цахим санал асуулга явуулах юм.