ХҮН АМЫГ УНДНЫ ЦЭВЭР, НАЙДВАРТАЙ ЭХ ҮҮСВЭРЭЭР ХАНГАХ АСУУДЛААР ЗӨВЛӨЛДӨВ

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дах суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хэрэгжүүлэх Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөрийн 2023 оны ажлын төлөвлөгөөг хамтран баталсан явдалд мөн Монгол Улсын усны чанарын судалгааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж буйд талархаж байгаагаа цохон тэмдэглэв.

Барилга, хот байгуулалтын сайд мөн Ундны усны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг найдвартай ундны усаар хангах ажлын хүрээнд Америкийн нэгдсэн улсын Мянганы сорилын корпораци баруун эх үүсвэрийг шинээр барих, Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая шоо метрээр буюу 80%-иар нэмэгдүүлэх, Шинэ төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж, дулааны 3, 4-р цахилгаан станцын үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулж, техникийн ус нийлүүлэх, хоногт 50 мянга, жилд 18.3 сая шоо метр хаягдал усыг дахин боловсруулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулах төслийн ажлууд амжилттай хэрэгжиж байгаа талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн Улаанбаатар хот, Дархан-Уул зэрэг 14 аймгийн төвүүдэд шинээр ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийг барьж эхнээсээ ашиглалтанд орж байгаа ч технолгийн тал дээр илүү сайжруулах шаарлагатай байгаа учир энэ чиглэлд хамтран ажиллах боломж байгааг илэрхийлэв.

Улаанбаатар хотын гэр хороололд нүхэн жорлонгуудаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах болон хөдөө орон нутагт тэр дундаа малчин өрхүүдийн хувьд шаардлага хангасан ундны усны хангамжийг нэмэгдүүлэх, бага оврын ариун цэврийн байгууламжуудын асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлага тулгарч байгаа талаар талууд санал нэгдэн ярилцлаа.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дах суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан Монгол улсад хамгийн тохиромтой байх боломжтой технологуудыг сонгон авч туршилтын төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, зарим төслүүд хэрэгжиж байгаа талаар сайдад мэдээлэл өгч цаашид энэ чиглэлд хамтран ажллах хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Ийнхүү талууд Монгол орны онцлогт тохирсон Ус хангамж, ариун цэврийн байгууламжуудад шаардлагатай технологийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах тохиролцоонд хүрэв.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан