Инженерийн дэд бүтцийн нэгдсэн дата баазтай болсон

БХБЯ-ны Инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Болорчулуунтай ярилцлаа.

-Танай яаманд инженерийн дэд бүтцийн асуудал хариуцсан бие даасан нэгж байгуулагдаад нэг жил болж байна. Энэ нэгжийг ямар зорилготой байгуулсан бэ?
-2016 онд барилгын хуулийг шинэчилж баталсан. Энэ хуулийн дагуу инженерийн дэд бүтэц бие даасан нэгж байх ёстой гэж үзээд 2017 оны Засгийн газрын 216 дугаар тогтоолоор Инженерийн дэд бүтцийн газар гэж шинэ нэгж байгууллаа. Энэ нэгж нь аймаг, нийслэл, улсын хэмжээнд байгаа инженерийн шугам сүлжээний төрөөс барих бодлогыг хэрэгжүүлэх гол үүрэгтэй. Одоо хэрэгжиж буй төсөл, улсын төсөвт суусан зардлыг хэр үр өгөөжтэй зарцуулж байна гэдэгт анхаарал хандуулж ажиллах, улсын төсвийн хөрөнгийг энд тэндгүй үр бүтээлгүй зарцуулахгүй байхыг гол бодлого болгодог. Түүнчлэн төрийн бодлогод инженерийн дэд бүтэц болон хангамжийг хэрхэн төлөвлөх, аймаг сум нийслэлийн хөгжлийн бодлого, ерөнхий төлөвлөгөөтэй яаж уялдуулахад голлон анхаарч ажиллаж байна.
-Өнгөрсөн нэг жилийн ажлын
үр дүнгээ хэрхэн дүгнэж байна вэ?
-Барилгын систем үүсч хөгжсөнөөс хойш 95 жил боллоо. Энэ хугацаанд аймаг, орон нутгийн хэмжээнд инженерийн шугам сүлжээний ажил хэрхэн хийсэн талаар мэдээллийн сан бүрдүүлсэн. Өнөөдрийн байдлаар 19 аймгийн мэдээллийг нэгтгээд байгаа бөгөөд энэ ондоо Дорнод, Сүхбаатар аймгийг хийж дуусгахаар зорьж байна. Ингэснээр бүх аймаг, орон нутагт байгаа Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газарт мэдээллийг нь бүртгэдэг болно. Тодруулбал, тухайн аймаг, сумдад ямар инженерийн шугам сүлжээ, хаана, хэдэн төгрөгийн хөрөнгөөр хийж байгааг харах боломжтой гэсэн үг. Энэхүү мэдээлэлд үндэслээд цаашдын төлөвлөгөөгөө гаргадаг юм. Энэ нэгж байгуулагдаад нийслэл, орон нутагт хэрэгжиж буй удааширсан төсөл улсын комисс хүлээж аваагүй, хэрэглэгчгүй болоод зогссон ажлуудыг нэлээд цэгцэллээ.

-Нэгтгэсэн мэдээллээс харахад инженерийн дэд бүтцэд хэчнээн төгрөг зарцуулж байна вэ?

-Барилга, хот байгуулалтын салбарт улсын төсвөөс 2017 онд 66.1, 2018 онд 80.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт баталсан. Энэ онд Гадаадын зээл тусламжаар 21 аймагт 41.4, нийслэлд 13.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжиж буй төсөл ч байна.

-Энэ салбарт хэрэгжиж буй томоохон төслийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Замын үүдийн дэд бүтцийг сайжруулах” төсөл 2011-2017 онд хэрэгжиж бүрэн дууссан. Мөн Улаанбаатар хотод баригдаж буй орон сууцны хотхон, хорооллуудын цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээг барьж, дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор “Дэд бүтэц” төслийг 2013 оноос эхлэн хэрэгжүүллээ. Уг төслийг хэрэгжүүлсний үр дүнд өнөөдрийн байдлаар “Буянт-Ухаа-1”, ”Буянт-Ухаа-2” хороолол, VII хорооллын “Хангай”, “Ирээдүй цогцолбор”, “Баянголын ам”, “Шинэ Яармаг”, “Шинэ өргөө”, “Ханбогд резиденс” хорооллуудын инженерийн шугам сүлжээг барьж, ашиглалтад оруулсан. Үүнээс гадна, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын агаарын бохирдол, хөрсний бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах, СБД-ийн 9-12 дугаар хорооны нутаг дэвсгэрт төлөвлөсөн VII хороолол, “Нарантуул” худалдааны төвийн хойд талд төлөвлөн XIV хороолол болон МҮОНРТ орчмын гэр хорооллын гадна инженерийн шугам сүлжээг барьж байгуулна. Нийт 2592 айл бүхий 36 орон сууцны барилга, сургууль цэцэрлэг бүхий орон сууцны хороолол барьж ашиглалтад оруулах зорилгоор 2011-2018 онд хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийн явц 86.5 хувьтай байна. Харин гадна инженерийн шугам сүлжээний ажлын явц 80 хувьтай байгаагаас орон сууцны VII хорооллын инженерийн шугам сүлжээний угсралтын ажлын гүйцэтгэл 92.1, МҮОНРТ орчмынх 45 хувьтай байна. Түүнчлэн эдгээр хорооллыг цахилгааны эх үүсвэрээр хангах 24.3 км агаарын шугам болон “Улаанбаатар” дэд станцын өргөтгөл, “7 дугаар хороолол”, “Радио телевиз” дэд станцын угсралтын ажил бүрэн хийгдсэн.

-Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл байгаа юу?

-“Тайшир-Алтай усан хангамж” төсөл нь 2017-2019 онд хэрэгжих ба Тайширын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 52 км шугам хоолойгоор дамжуулан Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг суманд хүргэж хүн амын ундны усыг стандарт нийцсэн усаар хангах боломжтой. Үүнээс гадна шугамын трассын дагуу фермерийн аж ахуй хөгжих, ойн зурвас, төгөл байгуулснаар цөлжилттэй тэмцэхэд зохих хувь нэмэр оруулах юм. Уг төсөл Монгол Улсад гадаргын усны эх үүсвэрийг хүн амын ундны усны хангамжид хэрэглэж эхлэх анхны шийдэл болж байгаа. Өөрөөр хэлбэл, Говь-Алтай аймаг хүн амын ундны усны найдвартай эх үүсвэртэй болж байна. Мөн БНХАУ -аас олгож буй хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хийхээр төлөвлөсөн ажлууд байна. Эдгээр ажил хэрэгжснээр “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт тусгагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах эхний ээлжийн 42,788 айлын орон сууцны барилга, 13,320 хүүхдийн сургууль, 4,740 хүүхдийн цэцэрлэг, 210 хүний багтаамжтай эмнэлэгийн дэд бүтцийн асуудал бүрэн шийдвэрлэгдэж байна. Мөн 10 мянга гаруй иргэн одоо байгаа нэгж сууриндаа инженерийн хангамжтай тохилог амины орон сууц барьж, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол 30 хувиар буурахаар байгаа юм.

-Гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, барилгажуулах ажлын хүрээнд ямар ажил хийж байна вэ?

-“Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл” хэрэгжиж эхэлсэн сүүлийн гурван жилд нийтдээ 85,190 хүн ам бүхий 17,667 нэгж талбарт 1615.8 га талбай хамрагдсан. Энэ нь нийслэлийн гэр хорооллын нутаг дэвсгэрийн 15, гэр хорооллын хүн амын 10 хувийг хамарч байна. Төсөл хэрэгжүүлэх талбайд орон сууцны барилга, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд зориулан нийт 1472 нэгж талбарын газрыг чөлөөлж, гэр хорооллын 957 айл өрхийг шинэ орон сууцанд, 491 айл өрхийн иргэдийг түрээсийн орон сууцаар ханган, 24 айл өрхийн газрыг бэлэн мөнгөөр худалдан авлаа.

Аймаг, орон нутгийн хэмжээнд инженерийн шугам сүлжээний ажил хэрхэн хийсэн талаар мэдээллийн сан бүрдүүлсэн.

Энэ онд Гадаадын зээл тусламжаар 21 аймагт 41.4, нийслэлд 13.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.

2017-2020 онд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр нийт зургаан бүлгийн 55 багц төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа.

Төсөл хэрэгжиж эхэлсэнээс хойш 9654 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна. Мөн 2014 онд 960, 2015 онд 1656, 2016 онд 2273 айлын орон сууц нийт 4889 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан.

-Гэр хорооллыг дахин төлөвлөх төсөлд ямар бэрхшээл тулгамдаж байна вэ?

-Эдийн засгийн хүндрэл үүссэнтэй холбогдож “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл” хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд иргэдийг түр суурьшуулах байраар хангах үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүсч байна. Үүнтэй холбоотой гэр хорооллын дэд бүтцийн ажлыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр БНХАУ -аас Монгол Улсад олгох хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хэрэгжүүлэх инженерийн болон нийгмийн дэд бүтэц бүхий бичил дэд төвүүд байгуулах төсөл болон Улаанбаатар хотын гэр хорооллол орчмын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Жагсаалтыг 2017 оны зургадугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын 179 дүгээр тогтоолоор баталсан бөгөөд 2017-2020 онд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр нийт зургаан бүлгийн 55 багц төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа.

Эх нийтлэл: https://zgm.mn/


(2) Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Zochin[127.0.0.1]

Датаа бааз чинь тэгээд хаана байгаа юм бэ???

2021-09-30 08:52:19 0 0 Хариулах

Zochin[127.0.0.1]

Датаа бааз чинь тэгээд хаана байгаа юм бэ???

2021-09-30 08:52:15 0 0 Хариулах
Шинэ мэдээ
Их уншсан