НОГООН БАРИЛГЫН ЖУРАМ БАТЛАГДСАНААР БАРИЛГЫН САЛБАРТ НОГООН ЗЭЭЛИЙН ХҮРТЭЭМЖ НЭМЭГДЭНЭ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны 108 дугаар тушаалаар “Ногоон барилгын үнэлгээ (BESTGER)-ний аргачлал” /БД 25-102-24/ барилгын дүрэм, 2024 оны 153 дугаар тушаалаар “Ногоон барилгын (BESTGER) гэрчилгээ олгох журам"-ыг тус тус баталсан. Ногоон барилгын үнэлгээний аргачлал, гэрчилгээжүүлэх журмыг олон нийтэд сурталчлах, нэвтрүүлэх, хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Ногоон барилгын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэлтэй ярилцлаа.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө уншигчдад та өөрийн хариуцаж буй байгууллагын үйл ажиллагааны талаар товч танилцуулахгүй юу?
-Ногоон барилгын хүрээлэн эгнээндээ 70 гаруй гишүүдийг нэгтгэсэн олон нийтийн гишүүнчлэлтэй байгууллага. Байгууллагын эрхэм зорилго Монгол Улсад ногоон барилга гэж ойлголтыг тодорхойлох, ногоон барилгын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхой болгох, ногоон барилгын талаар олон нийтэд мэдлэг олгож түгээн дэлгэрүүлэх, барилгын салбарыг илүү хүрэн барилгаас ногоон барилгад шилжүүлэх юм. Бид энэ эрхэм зорилгоо биелүүлэхдээ гишүүддээ тулгуурлан ажилладаг, мөн бусад байгууллагатай хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлж ирлээ.
Манай гишүүдийн дунд барилгын компаниуд, материал үйлдвэрлэгчид, барилгын салбарын төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, оюутнууд, банк санхүүгийн байгууллагууд багтсан. Түүнчлэн олон улсын зөвлөхүүдийн танхимтай.
Ногоон барилгын хүрээлэн сүүлийн жилүүдэд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Герман Монголын сургууль, ШУТИС-н Барилга Архитекторын сургууль болон Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
-Ногоон барилгын тухай: “Ногоон” барилга гэх ойлголтыг олон хүн мэддэг болсон. Манай улсад ногоон барилгын гэрчилгээ олгох журам батлагдсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Ногоон барилгын асуудал бол барилгын салбарын тулгамдсан асуудлуудын нэг юм. Ногоон барилга гэх ойлголтыг ерөнхийдөө олон хүн мэддэг, сонссон байдаг. Гэхдээ илүү тодорхой, гүнзгийрүүлсэн мэдлэг мэдээлэл дутмаг хэвээр байна.
ХББОСЯ-тай хийсэн санамж бичгийн хүрээнд бид сүүлийн 2 жилийн хугацаанд олон улсад түгээмэл ашиглагддаг ОУСК-ийн EDGE, АНУ-ын LEED, Германы DGMB, Английн BREEM зэрэг үнэлгээний системүүдийг харьцуулан судалж, Монгол Улсын үндэсний ногоон барилгын үнэлгээний (BestGER) аргачлалыг боловсруулан барилгын дүрэм болгож батлууллаа. Мөн энэхүү аргачлалаар үнэлэгдсэн барилгад ногоон барилгын гэрчилгээ олгох журмыг боловсруулж өнгөрсөн оны 12 сард ХББОС-н яамны сайдын тушаалаар батлуулсан.
Ногоон барилгын үнэлгээний аргачлал болон ногоон барилгын гэрчилгээ олгох журам батлагдсан нь олон жил хүлээгдсэн ногоон барилга гэж ямар шалгуур хангасан барилгыг хэлэх вэ гэсэн ойлголтыг тодорхой болгож албан ёсоор баримтжуулсан үйл явц болсон гэж харж байна.
Манай улсад ногоон барилгын гэрчилгээ олгох журам, ногоон барилгын BestGER аргачлал батлагдсантай холбоотой бидэнд маш олон асуултууд ирж байна. Бас энэ талаар сургалт авъя, мэдээлэл авъя гэсэн хүсэлтүүд ирж байна. Бидэнд ирж байгаа асуултуудын хамрах хүрээ, асуултуудын олон янз байдлыг харахад ногоон барилга гэх ойлголтыг олон нийт төдийлөн сайн ойлгохгүй байгаа нь харагдаж байна. Бидний хувьд үндэсний ногоон барилгын үнэлгээний аргачлалаа түгээн дэлгэрүүлж олон нийтэд хүргэх, энэ тал дээр мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах хэрэгцээ шаардлага гарч байгаа.
-Журмын хэрэгжилт: Энэхүү журмыг баталснаар ямар ахиц, амжилтууд гарч байна гэж үзэж байна вэ?
-Ногоон барилгын журам батлагдсанаар барилгын салбарт ногоон зээлийн хүртээмж нэмэгдэнэ. Мөн түүнчлэн эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, амьдрах орчин таатай барилга байгууламжийн тоо нэмэгдэнэ гэж харж байна. Бид энэ журмыг олон нийтэд болон холбогдох хамаатай байгууллагуудад хүргэхийн тулд сургалт уулзалтуудыг олон удаа хийж байна, цаашид ч хийнэ. Сүүлийн үеийн мэдээнээс хуваалцахад бид Тогтвортой санхүүжилтийн холбооны боловсруулсан ногоон таксономид ногоон барилгатай холбоотой заалтуудыг тодорхой болгож оруулах, мөн банкны холбоо, арилжааны банкуудтай хамтарсан уулзалт хийж мэдээлэл хүргэлээ. Тэгэхээр энэ бол нэг удаагийн уулзалтаар шийдэгдэхгүй цаашид хамтарч ажиллаж, эргэх холбоотой байж ажил хэрэг болж эхэлнэ. Журам боловсруулж байх явцад бид арилжааны банкуудтай нэг нэгээр нь тусгайлан уулзаж ярилцан санал бодлыг нь авч байсан. Одоо харин банкны холбоо, тогтвортой санхүүжилтийн холбооны нийт гишүүдтэй нэгдсэн уулзалт хийж байгаа нь журам батлагдсаны хүрээнд бүгдээрээ нэг гараанаас нэгэн зэрэг эхлэх бололцоо гэж харж байгаа. Тэгэхээр ногоон зээл ямар шалгуураар яаж олгох вэ гэдэг нь тодорхой байхын бол аливаа харьцуулалтыг хийхэд амар болно, бас энэ ногоон зээлийг үр ашигтай ашиглах, тэр үр ашгийг илүү сайн байлгахад төрийн зүгээс ямар холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байгаа зэрэг нь тодорхой болно. Саяхан Улсын их хурлын ногоон санхүүжилтийн ажлын хэсэг”-ийн ажлын хүрээнд манайхаас “Ногоон барилгын гэрчилгээ олгох журам”-н талаараа мэдээлэл хүргэсэн. Тус уулзалтад санхүүгийн байгууллагууд болон Дэлхийн банк зэрэг газрууд оролцож хамтарсан уулзалт хийж мэдээлэл солилцсон байгаа.
-BesTGER гэрчилгээний талаар: Журмын хүрээнд тусгагдсан гол заалтууд юу вэ. BESTGER гэрчилгээ олгох үйл ажиллагаа хэзээ эхлэх төлөвтэй байна вэ?
Ногоон барилгын гэрчилгээ олгох журам үнсэн 4 бүлэгтэй. Ногоон барилгын гэрчилгээний төрөл, ангилал, хугацаа, ногоон барилгын (BestGER) гэрчилгээ олгох үйл явц, гэрчилгээ сунгах, оролцогч талуудын эрх үүрэг энэхүү журмаар тодорхойлогдсон.
Ногоон барилгын үнэлгээний аргачлал ХББОСЯ-аас батлагдсан хөтөлбөрийн дагуу 2025.03.01 -ээс хэрэгжихээр заагдсан байгаа. Түүнээс өмнө бид хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангахаар эрчимтэй ажиллаж байна.
-Гэрчилгээний шат дараалал: Төлөвлөлт, угсралтын шат, ашиглалтын үе шатуудад гэрчилгээ олгох тухай дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү.
-Ногоон барилгын шалгуур үзүүлэлтүүд барилгын үе шатуудад хэмжиж, баталгаажуулж болох байдлаараа ангилагдсан. Барилгын зураг төсөл төлөвлөлтийн үе шатанд хамаарах шалгуур үзүүлэлтүүдийг төлөвлөх, барилгыг барих үе шатанд хамаарах шалгуур үзүүлэлтүүдийг барих үе шатанд, ашиглалтын үе шатанд хамаарах шалгуур үзүүлэлтүүдийг ашиглалтын үе шатанд үнэлнэ.
Барилга байгууламжийн төлөвлөлтийн үе шатанд ногоон барилгын шалгуур үзүүлэлтийг хангасан байдлыг Урьдчилсан гэрчилгээгээр баталгаажуулна. Харин барилга байгууламж төлөвлөх, барих, ашиглах бүх үе шатуудад ногоон барилгын шалгуурыг бүрэн хангасан байдлыг Ногоон барилгын (BestGER) гэрчилгээгээр баталгаажуулна.
-Нөлөөлөл ба үр дүн: Гэрчилгээ олгож эхлэлээр ямар нөлөөлөл, өөрчлөлт, үр дүн гарна гэж таамаглаж байна вэ?
Ногоон барилгыг сайн дураараа, өөрийнхөө хүсэл эрмэлзлэлээр барьсан тодорхой сайн жишээнүүд байгаа. Хувь хүмүүс болон компаниуд сайн дурын үндсэн дээр өөрсдийн манлайллаар барьсан ногоон барилгууд хараахан албажаагүй байна, хэрвээ ногоон барилгын гэрчилгээ авбал тэдгээр манлайлагчид маань албан ёсоор энэ бол ногоон барилга гэдгээ баталгаажуулах батламжтай нэг үгээр хэлбэл баттай итгэл үнэмшилтэй болоход хэрэгтэй. Тэгэхээр ногоон барилгын гэрчилгээ олголт бол албажуулах үйл явц.
Нөгөө талдаа ногоон барилгын гэрчилгээтэй болсноор миний үл хөдлөх хөрөнгө төдий чинээ үнэ цэнтэй юм байна, банкуудтай харьцахад ийм дүрэм журмаар ажиллах ёстой юм байна гэдэг нь тодорхой болно. Тэгэхээр аливаа зүйл ойлгомжтой байвал хэрэгжихэд сайн нөлөөтэй, гэрчилгээ олгож эхэлснээрээ бүх зээл олгох болон үл хөдлөх хөрөнгө арилжаалах , түүний үнэ цэнийг хадгалах процесс тодорхой болоход дөхөмтэй юм.
-Хувь хүмүүсийн оролцоо: Хувь хүмүүсийн хувьд ногоон барилга барихдаа ямар шат дамжлага, шалгуур хангаснаар гэрчилгээ авах боломжтой вэ?
Ногоон барилгын захиалагч ямар ч хүн байж болно, хувь хүн, байгууллага, төрийн байгууллага гэх мэт.
Ногоон барилгын гэрчилгээ дэлгэрэнгүй болон хялбаршуулсан гэсэн 2 төрлөөр олгогдоно. Хувь хүмүүсийн хувьд ногоон барилга барихдаа хялбаршуулсан үнэлгээний шалгуурыг хангана. Хялбаршуулсан үнэлгээний аргачлал нь 2 бүлгийн 12 шалгуур үзүүлэлттэй. Шалгуур үзүүлэлт бүр оноотой ба 100 хүртэл оноо авах боломжтой.
Амины орон сууц шинээр барих эсвэл одоо амьдарч байгаа байшингаа эрчим хүчний хэмнэлттэй, саарал ус ашигладаг гэх зэргээр ногоон барилга болгож сайжруулснаар ногоон барилгын хялбаршуулсан гэрчилгээ авах боломжтой.
Харин хувь хүмүүс дангаараа барилгын төсөл хэрэгжүүлэх тохиолдолд тухайн барилга байгууламж нь амины орон сууц биш олон нийтийн зориулалттай хороолол, агуулах гэх мэт бусад төрлийн барилга бол ногоон барилгын дэлгэрэнгүй гэдэг гэрчилгээ авах бололцоотой.
Аж ахуйн нэгжүүдийн хувьд голчлон төвөгшил өндөртэй барилга байгууламж барьдаг, энэ тохиолдолд дэлгэрэнгүй гэрчилгээ авах боломжтой.
-Төслийн цар хүрээ: Ногоон барилгын гэрчилгээг томоохон төсөл, бүтээн байгуулалт, амины орон сууцуудад олгох боломжийн талаар...
-Ногоон барилгын гэрчилгээ авах төслийн цар хүрээ ямар ч байж болно. Ногоон барилгын хялбаршуулсан гэрчилгээг амины орон сууц, харин дэлгэрэнгүй гэрчилгээг ямар ч хэмжээний төсөл бүтээн байгуулалт болох орон сууц, хотхон хороолол, худалдааны төв, спорт комплекс, уурхайн камп, аялал жуулчлалын камп зэрэг бүхий л барилга байгууламжид авах боломжтой. Гол нь тухайн барилга байгууламж ногоон барилгын дэлгэрэнгүй болон хялбаршуулсан үнэлгээний шалгуур үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай.
Ярилцсанд баярлалаа.