БХБ-ын сайд Б.Мөнхбаатар “Хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийн явцтай танилцаж, төлөвлөлтийн шийдлийг боловсруулах ажлыг сайжруулах талаар үүрэг чиглэл өглөө

“Хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” (ХАНСХЕТ)-ийн үе шатны ажлын хүрээнд байгалийн нөхцөл нөөцийн үнэлгээ болон нутаг дэвсгэрийн болон хот суурин газруудын түвшинд хийсэн хот байгуулалтын үнэлгээг танилцуулж, 2040 он хүртэлх төлөвлөлтийн шийдлийн хувилбарын урьдчилсан төсөөллөө БХБ-ын сайд Б.Мөнхбаатар болон сайдын зөвлөлийн гишүүд, тус яамны холбогдох газрын дарга нарт танилцуулж, санал зөвлөмж авлаа.

Хүн ам суурьших нутаг дэвсгэрийн боломжит даацын үнэлгээг аймгуудаар шинэчлэн гаргасан бөгөөд мөн усны нөөц ашиглалтын хэтийн төлөвийн хувьд Улаанбаатар хотын усны нөөц хангамжид 2038 онд хомсдол үүсэх эрсдэл байгаа болон говийн бүсийн Ханбогд, Цогтцэций суурьшлын бүсүүдийн хотжилт, Тавантолгой дулааны цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам, авто замын тээвэр логистикийн хөгжлийн хандлагатай уялдаад одоогийн хангаж байгаа гүний усны нөөц нь хангалтгүй байгааг харгалзаж, Орхон-Говь, Хэрлэн-Говь төслийг боловсруулж хэрэгжүүлэн гадаргын ус дамжуулах хоолойгоор говийн бүсийг хангах нь тогтвортой хөгжлийн бодлогод нийцэж байна. Хүн амын өсөлтийн хэтийн тооцоог нэгдсэн байдлаар аймаг, хот, сум бүрээр 2040 он хүртэл таамаглаж гаргасан бөгөөд түүнд тулгуурлан хот, суурин газруудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнүүдийг боловсруулснаар өмнө нь хүн амын өсөлтийг хэт өндөр тооцоололтойгоор өндөр хүчин чадалтай төлөвлөгдөж байсан асуудлыг цэгцэлж, хөрөнгө оруулалтын орон зайн оновчтой төлөвлөлтийг бий болгох боломжтой болж байна. Мөн хөрөнгө оруулалтаар баригдаж буй нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламжууд болон хүн амзүйн мэдээллийн нарийвчилсан нэгдсэн сантай болсноор орон зай, ач холбогдлын эрэмбээр нэгдсэн жагсаалтаар гарч, хөгжлийн хөрөнгө оруулалтын үр ашиг дээшилнэ.

ХАНСХЕТ-ийн гол зорилго нь 2040 онд 4.5 сая болж өсөх Монгол Улсын хүн амыг оршин суугаа газар бүртээ эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд тогтвортой суурьшилтай ажиллаж амьдрах нөхцлийг хангах хүн амын суурьшил, хот байгуулалтын орон зайн оновчтой төлөвлөлтийг бий болгох юм.

Төлөвлөлтийн шийдлийн хүрээнд хотуудын зэрэглэл, ангилал, засаг захиргааны статусыг оновчтой тодорхойлно. Нутаг дэвсгэрийн орон зайн төлөвлөлтийн хүрээнд бүлэг суурингийн төвүүд, зам тээврийн босоо болон хэвтээ үндсэн, дэд тэнхлэгүүдийг тогтоож, нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг сааруулах үүднээс шилжилт хөдөлгөөнийг татах хүчин зүйлсийг дагуул болон хоёрдогч хотуудад оновчтой байршуулах саналыг боловсруулна.

Төлөвлөлтийн шийдлийн хувилбаруудыг боловсруулахдаа хөрш орнуудын орон зайн хөгжлийн төлөвлөлт болон эдийн засаг, нийгэм, байгалийн нөхцөл нөөц, дэд бүтцийг цогцоор нь уялдуулж, холбогдох мэргэжлийн байгууллага, ажлын хэсэг, яам, агентлагуудад хэлэлцүүлж саналыг тусган 2021 оны 4-р сарын эхээр танилцуулахыг үүрэг, чиглэл өглөө.

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан