Авто зогсоолын тухай хуулийн төслийн танилцуулга

0
195

Монгол Улсын Их Хурлын  2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 4.36-д “Газар ашиглалтын зөв хуваарилалтыг бий болгох, хот төлөвлөлтөд орон зайн зөв шийдэл бүхий авто зогсоолыг хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөж, уг харилцаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлох, авто зогсоол байгуулах, ашиглах, эзэмших, түүнд тавигдах шаардлага, аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлыг нарийвчлан тодорхойлох зорилгоор Авто зогсоолын тухай хуулийн төсөл боловсруулах” гэж, Улсын Их Хурлын   2010 оны “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай” 36 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтын 1.6-д “Авто зогсоолын тухай хуулийн төслийг шинээр боловсруулж батлах” гэж, Монгол Улсын Их Хурлын 2014 оны “Ногоон хөгжлийн бодлого батлах тухай” 43 дугаар тогтоолын хавсралтын 3.6.6-д “Явган зорчигчийн зорчих хэсэг, ногоон байгууламж, дугуйн зам, зогсоолын төлөвлөлт, зохион байгуулалтыг боловсронгуй болгож явган явах, дугуйгаар зорчих орон зайг нэмэгдүүлэх.” гэж тус тус заасан.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 45 дугаар тогтоолын хавсралтын 2.99-д “Улаанбаатар хотын орон сууцны хороолол, нийтийн үйлчилгээний төвүүдийн дэргэд газар доорх болон давхар зогсоол барьж, авто зогсоолыг хоёр дахин нэмэгдүүлнэ” гэж заасныг үндэслэл болгон Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасан журмын дагуу Авто зогсоолын тухай хуулийн төслийг боловсруулна.

Монгол Улсын хэмжээнд 2014 оны байдлаар тээврийн хэрэгслийн тоо нийт 618 744 байсан бол 2015 онд  720 278 хүрсэн байна. Үүнээс зөвхөн  Улаанбаатар хотод нийт  2014 онд 385 090 тээврийн хэрэгсэл байсан бол 2015 онд 439 129 болж өссөн байна. Ийнхүү тээврийн хэрэгслийн тоо жил ирэх тутам хурдтай өсч байгаа нь нийслэл хотын авто замын даац, чанар болон иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл, хүрээлэн буй орчин, агаарын бохирдол зэрэгт сөргөөр нөлөөлж байна.

Тээврийн хэрэгслийн тоо, ялангуяа Улаанбаатар хотод жил ирэх тутам нэмэгдэж байгаа нь авто замын даац, чанар, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл, хүрээлэн буй орчин, агаарын бохирдол зэрэгт сөргөөр нөлөөлж байна. Энэ нь нийгмийн үйлчилгээг /цагдаа, түргэн тусламж, гал комманд г.м/ иргэдэд хүргэх боломжийг багасгаж байгаагийн зэрэгцээ хотын гоо зүй, өнгө үзэмжид ч таагүй нөлөө үзүүлж байна.

Авто замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, иргэдийг хот, суурин газарт тав, тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, тэдний ухамсар, соёл болон хотын гоо зүй, өнгө үзэмжийг дээшлүүлэхэд стандартын шаардлага хангах авто зогсоолын талаарх эрх зүйн бие даасан зохицуулалтыг бий болгох нь нийгмийн хүлээлт болсорн байна.

Иймд Авто зогсоолын тухай хуулийн төслийг боловсруулахдаа, автомашины зогсоол байгуулах газар, тэдгээрийн төлөвлөлт, авто зогсоолын ангилал, төрөл, түүний барилга байгууламж, тэдгээрт тавигдах стандартын шаардлага ба авто зогсоолын нийтлэг үйл ажиллагаа болон иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын хоорондын харилцааг зохицуулахаар,  авто зогсоолын үйл ажиллагаанд хяналт тавих,  авто зогсоол байгуулахад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийг дэмжсэн тогтолцоог  зохицуулах  гэсэн үндсэн зарчмыг баримталсан болно. Мөн  тус хуулийн төсөлд  дараах зарчмын болон гол гэж үзсэн баримтлалыг тусгасан. Үүнд:

  1. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, аюулгүй байдлыг хангах замаар газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн дэд бүтцийн уялдааг сайжруулах, хүрээлэн буй орчинд ээлтэй зам, тээврийн инженерийн байгууламжийг хөгжүүлнэ.
  1. Гудамж, зам, талбайн төлөвлөлтийг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй сайтар уялдуулах, зогсоолын менежементийг сайжруулж, төлбөртэй зогсоолыг байгуулна.
  1. Хот, суурин газруудад иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хотын ерөнхий болон авто замын төлөвлөлттэй уялдуулахгүйгээр стандартын шаардлага хангаагүй, зориулалтын бус газарт авто зогсоол байгуулж, ашиглан эзэмшиж байгааг зохицуулна.
  1. Иргэдийн ухамсар, соёлыг дээшлүүлнэ.
  1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлгөөнд оролцох орчин, нөхцөлийг бий болгох зохицуулалтыг боловсронгуй болгоно.
  1. 2004 онд батлагдсан “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” БНбД-30.01.04, “Хот суурины гудамж, зам, төлөвлөлт” БНбД-32.01.04, 2007 онд батлагдсан “Авто машины зогсоол, ангилал, ерөнхий шаардлага” MNS 5342: 2007, 2008 онд шинэчлэн батлагдсан “Хот байгуулалтын тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т “төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх” гэсэн заалтын хэрэгжилтийг хангана.
  1. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад авто зогсоол байгуулах, түүнд орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх хөшүүрэг /төлбөр, урамшуулал, торгууль гэх мэт/, түүнчлэн авто зогсоолын мэдээллийн нэгдсэн санг бий болгоно.

Авто зогсоолын тухай хуулийн төсөлд бүх яамд,  21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, мэргэжлийн байгууллага, зураг төслийн байгуулагуудаас ирүүлсэн саналуудыг тусгаж, олон нийтээс санал авахаар Барилга, хот байгуулалтын яамны вебсайтад байрлууллаа.

Авто зогсоолын тухай хуулийн төсөлтэй танилцаж, саналаа Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Бэлэгсайхантай  261427 утсаар холбогдож эсхүл <dsaikhnaa@yahoo.com> цахим хаягаар 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Авто зогсоолын тухай хуулийн төслийг ЭНД-с татаж үзнэ үү.

Авто зогсоолын тухай хуулийн үзэл баримтлалыг ЭНД-с татаж үзнэ үү.