САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

123

Монгол Улсад өнгөрсөн 90 гаруй жилийн хугацаанд орчин цагийн барилга, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж  барилга, барилгын зураг төсөл, нийтийн аж ахуй, барилгын материалын үйлдвэрлэлийн анхны байгууллагууд үүсэн хөгжсөн түүхтэй. Хөгжлийн энэ түүхэн үе шат бүрт тухайн үеийн төр, засгаас тавьсан нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилт, нийт ард иргэдийн тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх тодорхой бодлогуудыг хэрэгжүүлснээр нийслэл, аймаг, орон нутагт олон арав, зуун төв суурин газрууд, барилга байгууламж, бүтээн байгуулалт, суурин амьдралын сүлжээ бий болсон нь манай барилгын салбарынхантай салшгүй холбоотой билээ.

Төрөөс баримталж буй бодлогын хүрээнд барилгын салбарыг хөгжүүлэх эрх зүйн баримт бичгүүдийг батлуулж барилгын салбарын хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэн стандарт, норм нормативыг боловсронгуй болгон төрөл бүрийн мэргэжилтэн, инженер техникийн ажилтан бэлтгэх болсноор мэргэжлийн ажилтан, ажилчдаас бүрдсэн үндэсний боловсон хүчний чадавхитай болж чаджээ. Хүний нөөцийн энэ чадавхаараа Монголын барилгачид олон улсын түвшинд нийцэхүйц, ямар ч нарийн төвөгтэй, инженерийн болон барилга архитектурын шийдлийг гаргаж, улсынхаа нүүр царай болсон орчин үеийн барилга, байгууламж  сүндэрлэн босч, хот байгуулалт хөгжсөөр байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр манай барилгын компаниуд оны эхний есөн сард 1.54 их наяд төгрөгийн  барилга угсралтын ажил хийж гүйцэтгэжээ.  Эдүгээ барилгын салбарт нийт 95.0 мянга  гаруй ажлын байртай болсны дийлэнхи буюу 78.6  мянга нь барилга угсралт, 14.0 мянга нь барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж, жил бүр 13.0 мянга орчим суралцагч, мэргэжилтэй ажилтан хүч сэлбэж байдаг материаллаг үйлдвэрлэлийн томоохон салбар болон хөгжсөн байна.  Ийнхүү барилгын салбарт хийх ажил ч их, хийж гүйцэтгэх хүний нөөц ч хангалттай байгаа юм.

Эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурдацтай уялдан барилга, хот байгуулалт, газар болон геодези, зураг зүйн тухай хууль, тогтоомжуудыг нийгмийн бодит хэрэгцээнд нийцүүлэн боловсронгуй болгохын зэрэгцээ нийслэл, аймаг, төв, орон нутаг,  хот суурин газрын хүн амын нягтрал, суурьшил, дэд бүтэц, үйлдвэржилт, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг шаардлагуудтай уялдан хот байгуулалтын  ерөнхий төлөвлөгөөг оновчтой болгох, нэгэнт бий болсон барилга байгууламжуудын засвар үйлчилгээ, өнгө үзэмж, бат бэх байдлыг сайжруулж, утасгүй интернэтийн орчин талбайг тэлэх, архитектур, уран сайхан, ампирийн шийдлүүдийг амьдралд нэвтрүүлэх гэх мэт иргэдийн ая тухтай, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон бүс, талбайг өргөтгөн тэлэх, шинэ суурин газрыг төлөвлөх, барьж байгуулах шаардлага барилгын салбарынхны өнөөгийн зорилт болж байна.

Нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж, агаарын бохирдлыг арилгах зорилтуудаас, тухайлбал Төв цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг цаг алдалгүй эхлүүлж, богино хугацаанд ашиглалтад өгөх, гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зэрэг хойшлуулшгүй хийж хэрэгжүүлэх олон ажил яам, салбарынхны өмнө тулгамдаж байна.

Монгол Улсын Засгийн газар шинэ тутам байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхэлж буй энэ өдрүүдэд нийт барилгын салбарын хэмжээнд сахилга хариуцлагыг чангатгаж, хурдтай, өндөр үр ашигтай ажиллахыг нөхцөл байдал Та биднээс шаардаж байна.

Монголын барилгын салбарынхан гарах гарцаа мэддэгийн хувьд төрөөс барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийнхнээ дэмжин хамтран ажиллах, хамтдаа хөгжих зарчмыг цаашид ч баримталж ажиллах болно гэдгийг энэ дашрамд хэлэхийг хүсч байна.

Их барилгын салбарын үе үеийн ахмадууд, өнөөдөр ажиллаж буй нийт ажилтан, мэргэжилтэй ажилчид, барилгын чиглэлээр бэлтгэгдэж буй оюутан суралцагчид Та бүхэндээ хөдөлмөр бүтээлийн шинэ амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье!

Монгол Улсын Их Хурлын гишүүн,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн,

Барилга, хот байгуулалтын Сайд                                Х.БАДЕЛХАН