Ж.БАТСУУРЬ: НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН УНДНЫ УСНЫ ЧАНАРЫН ШИНЖИЛГЭЭГ ХИЙЖ ДУУССАН

2020 / 12 / 16

Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 89 жилийн ой тохиож байна. Аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний мэргэжлийн ажилтнуудын өдөр тохиодог. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь

-Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний ажилтны өдрийг тохиолдуулан ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-
Энэхүү өдрийг угтан Барилга, хот байгуулалтын яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл хамтран “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны өдөр-2020” салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг “Хэрэглэгчээ дээдэлье” уриан доор орон даяар зохион байгуулна.

Аймаг, орон нутгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид уг арга хэмжээг тухайн аймаг, сумын төвийн нийт хэрэглэгчдийн хүрээнд, Улаанбаатар хотын тусгай зөвшөөрөл эзэмшигчид Сүхбаатарын талбайд нэгдсэн байдлаар зохион байгуулах юм.

Өдөрлөгийн үеэр нийтийн аж ахуйн үйлчилгээтэй холбоотой иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын санал зөвлөгөөг сонсох, өргөдөл, гомдлыг хүлээн авч түүнийг шийдвэрлэх, зөвлөмж, зөвлөгөө өгөх, мэдлэг, мэдээлэл олгох, цаашид үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдийн тав тухтай амьдрах нөхцөл бололцоог хангахад чиглэсэн санал санаачлалыг хүлээн авч хэрэгжүүлнэ.

-Сүхбаатарын талбайд энэ сарын 9-нд болох өдөрлөгийн хамрах хүрээг хэрхэн харж байна вэ?
-
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон Азийн хөгжлийн банкны төслийн нэгж, Бохир ус цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, цэвэрлэх байгууламжийн ашиглалт, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон хувийн хэвшлийн 70 гаруй орон сууцны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд зэрэг нийт 100 гаруй байгууллага тус өдөрлөгт оролцохоор байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэд дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг авч, холбогдох санал хүсэлтээ ирж шийдвэрлүүлэх боломжтой. Иймд иргэд, олон нийтийг энэхүү өдөрлөгийн арга хэмжээнд идэвхтэй оролцон, өргөнөөр ирж үйлчлүүлэхийг урьж байна.

-Нийслэлийн 9 дүүрэгт ундны усны чанарын шинжилгээ хийгдэж дууссан гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-
Монгол Улсын Ундны усны чанарын судалгаа, мэдээллийн сан байгуулах, технологийн шийдэл сонгох төслийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэн болон Газар зүй-геоэкологийн хүрээлэнтэй хамтран 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Ундны усны эх үүсвэрүүд тус бүр дээр зөвлөмж боловсруулж гаргасан.

Үүний дагуу Улаанбаатар хотын ундны усны чанарын судалгаа, мэдээллийн сан байгуулах, технологийн шийдэл сонгох төслийг Нийслэлийн Байгаль орчны газар болон дүүргүүдийн Засаг дарга нартай хамтран нийслэлийн 9 дүүргийн ундны усны чанарын шинжилгээг бүрэн хийж дуусгасан.

Одоогийн байдлаар тус төслийг нийт 6 аймаг /Орхон, Дархан-Уул, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Завхан/, нийслэлийн 9 дүүрэгт /Баянзүрх, Баянгол, Сонгино-хайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай/ хэрэгжүүлсэн.

-Ундны усны чанарын шинжилгээний хариуг иргэд, олон нийт хаанаас харж болох вэ?
-Улаанбаатар хотын ундны усны чанарын судалгаа, мэдээллийн сан байгуулах, технологийн шийдэл сонгох төслийн хүрээнд дүүрэг тус бүрээр судалгааны ажлын тайлан бүрэн эхээрээ хэвлэгдэн гарсан. Үүнтэй холбоотойгоор ундны усны эх үүсвэрүүд тус бүр дээр зөвлөмж боловсруулж гаргасан. Тус судалгааны ажлыг одоогоор албан хэрэгцээнд ашиглаж байгаа бөгөөд манай өдөрлөгийн үеэр иргэд, олон нийт маань ирж, үзэж танилцах бүрэн боломжтой.

Цаашид тус судалгааны мэдээллийг Ундны усны чанарын мэдээллийн санд төвлөрүүлэх бөгөөд иргэд, олон нийт өөрийн харьяа дүүргийнхээ ундны усны чанарын мэдээллийг интернет ашиглан үзэх боломжтой болно. Одоогоор тус мэдээллийн сангийн мэдээлэл, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа тул хараахан бүх дүүргүүдийн мэдээллүүд бүрэн ороогүй байна.

Эх сурвалж: УСУГ


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан