Баян-Өлгий аймагт “Газрын харилцаа, барилга, нийтийн аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн – 2018” эхэллээ.

0
187

Баян-Өлгий аймагт “Газрын харилцаа, барилга, нийтийн аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн – 2018” эхэллээ. Зөвлөгөөнийг нээж Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан үг хэллээ. Тэрээр “Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-д оролцож буй 21 аймаг, нийслэлийн зочид төлөөлөгчид, зөвлөгөөнд оролцогч Та бүхэнд Барилга, хот байгуулалтын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

Барилга, хот байгуулалтын салбар нь улс орны барилга, бүтээн байгуулалтын хөгжлийн цөм нь байж, эдийн засгийг сэргээх гол хүч байсаар ирсэн. Мөн хүн амынхаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд гол үүрэг хүлээдэг салбарын нэг билээ.36175969_2103302289945345_110221926105874432_n

“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Гурван тулгуурт хөгжлийн бодлогод Барилга, хот байгуулалт, газрын харилцаа, нийтийн аж ахуйн чиглэлээр Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжиж, хүн амыг эрүүл мэнд, аюулгүй, хүртээмжтэй орон сууцаар хангах зэрэг төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхээр тусган ажиллаж байна.

Бид салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор ажиллаж байгаагын зэрэгцээ Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгалаа.

1996 оноос хойш шинэчлээгүй өнөөг хүрээд байсан Газрын үнэлгээний бүс /зэрэглэл, тойрог/, суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоолоо.

Түүнчлэн газрын кадастр, орон зайн мэдээллийн санг хэрэглээнд нэвтрүүллээ. Эдгээр арга хэмжээнүүд нь бүхэлдээ барилгын салбарын хөгжил, хамтын ажиллагаа, бүтээн байгуулалтад бодитой түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна.

Мөн барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг гэрээний үндсэн дээр мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэн ажиллаж байна.

Барилгын тухай хуулийн дагуу Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газраар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх шийдвэрийг гаргуулсан. Мөн тус төвийн бүтцэд “Хот байгуулалт, зураг төсөл, төлөвлөлтийн институт”-ийг байгуулж үйл ажиллагааг сэргээн эхлүүлээд байна.

Монгол улсын хэмжээнд 93 мянган иргэн 4,2 их наяд төгрөгийн орон сууцны зээл авсан байна. Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгаанаас харахад 606.4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 6390 айлын орон сууц борлогдоогүй байна. Үүнээс Улаанбаатар хотод 5822, орон нутагт 568 орон сууц байна. Орон сууцны эрэлт байгаа боловч арилжааны банкуудын өндөр шаардлага, нөхцөлийг иргэд хангаж чадахгүй, худалдан авах чадвар хүрэлцэхгүй байгаа асуудлыг шийдвэрлэж ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Иймд манай яамны зүгээс бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээлийн урьдчилгааг багасгах чиглэлээр холбогдох тооцоо судлагааг гарган ажиллаж байна.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2017 онд Өвөрхангай, Өмнөговь, Архангай, Дорноговь аймгуудын цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. 2018 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Булган, Хэнтий, Хөвсгөл, Дундговь, Сүхбаатар, БНПУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Баян-Өлгий, Дорнод, Говьсүмбэр, Завхан, Увс аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжуудыг барих ажлыг эхлүүлээд байна.

Эдүгээ барилгын салбарт нийт 95.0 мянга гаруй ажлын байр бий болсны дийлэнхи буюу 78.6 мянга нь барилга угсралт, 14.0 мянга нь барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж, жил бүр 13.0 мянга орчим суралцагч, мэргэжилтэй ажилтан хүч сэлбэж байдаг материаллаг үйлдвэрлэлийн томоохон салбар болон хөгжсөн байна. Барилгын салбарт хийгдэх хөрөнгө оруулалт өмнөх онуудаас 3 дахин нэмэгдсэн. Ийнхүү барилгын салбарт хийх ажил ч их, хийж гүйцэтгэх хүний нөөц ч хангалттай байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, стандарт, норм, нормативын баазыг шинэчлэх, ипотекийн зээлийг хөнгөвчлөх, иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах, түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэхээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 2018-2020 онд Улаанбаатарын гэр хорооллын инженерийн дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэх, гэр хорооллын инженерийн хангамжийн “Бичил дэд төв” төслийг хэрэгжүүлэх, мөн БНХАУ-ын Засгийн газраас олгож буй 350.0 сая юанын буцалтгүй тусламжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас газраа чөлөөлсөн иргэдийг түр байрлуулах 1008 айлын орон сууц барих зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр холбогдох ажлуудыг эхлүүлсэн.

Түүнчлэн БНСУ-аас авах 500 сая.ам долларын хөнгөлөлттэй зээлийн тодорхой хэсгээр орон сууцны хороолол барих, барилгын үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэхэд мэргэжлийн төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийг чадавхижуулан хамтран ажиллана. 2018 он бол барилгын салбар хямралаас гарсан бүтээн байгуулалтын жил болно гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулснаар газрын харилцаа, барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн салбарын бодлого, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцох, барилгын бизнест оролцогч талуудын чөлөөт, шударга өрсөлдөөнийг дэмжих, үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчидээ дэмжих, тулгамдсан асуудлаа хамтран шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Ингээд Та бүхнийг тулгамдсан асуудлуудаа хамтдаа шийдвэрлэх, ард иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх их үйлст бодит хувь нэмрээ оруулан, ажилдаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!

Тус зөвлөгөөнийг аймагтаа зохион байгуулах боломж олгож туслалцаа дэмжлэг үзүүлсэн Засаг дарга А.Гилимхан таньд талархал илэрхийлэхийн ялдамд Зөвлөгөөний үйл ажиллагааг нээж байгааг мэдэгдье.

Биднийг их ажил, их бүтээн байгуулалт хүлээж байна” гэлээ.

Тус зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга У.Отгонбаяр, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа болон яам, агентлагийн мэргэжлийн бусад ажилтнууд оролцож байна.