Архангай аймгийн Цэцэрлэг хотод 3000 м3 хүчин чадалтай, био өнгөр тогтоогч бүхий идэвхит лагийн технологи ашигласан орчин үеийн бохир ус цэвэрлэх байгууламж барина.

0
242

Архангай аймгийн Цэцэрлэг хотод шинээр баригдах бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын үйл ажиллагааг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан нээж үг хэллээ.IMG_6684 Тэрбээр “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан томоохон хот, суурин газрын цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэх ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яам аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр барих төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн, гүйцэтгэж эхлээд байна. Тухайлбал Азийн хөгжлийн банкны 21.17 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 9 аймгийн төвд бохир ус цэвэрлэх байгууламж шинээр барих бөгөөд үүний 8 хувийг Монгол Улсын Засгийн газар гаргаж байна.

Төслийн зорилго нь бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэлэг технологи ашигласнаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандартыг дээшлүүлэх зорилготой.

Монгол Улсын үндэсний инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, нэг маягийн зураг төсөл болгон батлуулж, тус төслөөр хэрэгжүүлж байгаа нь онцлог юм. Түүнчлэн эдгээр цэвэрлэх байгууламжуудыг барьж ашиглалтад оруулах нь бусад аймгуудын төвд цаашид цэвэрлэх байгууламж барих жишиг болох юм.IMG_6679

Энэ төслөөр Арвайхээр, Даланзадгад хотын төвд цэвэрлэх байгууламжийн ажил Сайншанд, Цэцэрлэг хотуудад хоногт 3000 м3 хүчин чадалтай, био өнгөр тогтоогч бүхий идэвхит лагийн технологи ашигласан орчин үеийн бохир ус цэвэрлэх байгууламжууд барихаар ажиллаж байна.

Өнөөдөр Архангай аймгийн төвд баригдах цэвэрлэх байгууламжийн гэрээ байгуулагдан, барилгын ажил нь эхлэх гэж байна. Гэрээт ажлын өртөг нь 8.2 тэрбум төгрөг.

Гэрээ байгуулж байгаа “ЧММ” ХХК, “Энта инженеринг цэвэрлэх байгууламж угсралт” компанийн түншлэлд ажлаа цаг хугацаанд нь, чанартай сайн гүйцэтгэж, амжилттай ажиллуулан ашиглалтанд хүлээлгэн өгөхийг хүсч байна” гэв.

Уг төслөөр мөн Бүгд Найрамдах Польш Улсын хөрөнг оруулалтаар Баян-Өлгий, Завхан, Увс, Дорнод, Говьсүмбэр аймгуудад цэвэрлэх байгууламж шинээр барих, өргөтгөн шинэчлэх ажлын даалгавар болон техникийн тодорхойлолт боловсруулах ажлын хэсгийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 03-р сарын 14-ний өдрийн А/61 дүгээр тушаалаар байгуулан ажиллаж, аймаг тус бүрээр ажлын даалгаврыг боловсруулж батлуулсан. Мөн төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 04-р сарын 19-ний өдрийн А/82 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна.