Т.Ганбаатар: Төв цэвэрлэх байгууламжид үүссэн хур лагийг бордоо болгож уул уурхайн нөхөн сэргээлтэд ашиглана

0
243

Төв цэвэрлэх байгууламжийг үнэргүйжүүлэх ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж явагдсан. Харин лагийг үнэргүйжүүлж, бордоо болгох ажилд Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналтыг гүйцэтгэж байгаа юм. Энэ талаар Барилгын хөгжлийн төвийн Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа.8rbufh3377061521120183688277787741727633926258688n

-Төв цэвэрлэх байгууламжийн үнэр дарах ажил шат дараатайгаар хийгдэж байгаа. Яг өнөөдрийн байдлаар ямар шатандаа явж байна вэ?

-Барилгын хөгжлийн төвийн Нийтийн аж ахуйн хэлтэс 2018 онд төлөвлөгдсөн ажлын хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийн Лагийн талбайн 34 карт дахь 250000м3 орчим лагийг гумины хүчил ашиглан үнэрийг арилгах, хуримтлагдсан хур лагийг бордоо болгон боловсруулах, өдөр тутмын шингэн лагийг бордоо болгох ажил Барилга хот байгуулалтын яамнаас өгсөн үүрэг даалгаврын дагуу хийгдэж байна. Үүний эхний ажил овоолсон  лаг болон картууд дахь лагийн үнэрийг тархаахгүйн тулд гумины уусмалыг цацах ажлыг  “Хийрэв” ХХК дөрөвдүгээр сарын 16-аас тавдугаар сарын 28-ны хооронд гэрээ хийж, ажилласан.  Мөн өдөр тутам гарч байгаа шингэн лаг дээр  гумины уусмалыг цацаж лагийн үнэрийг дарж байгаа.

-Гумины уусмалын лаганд цацах хэмжээг тодорхой хэлбэл?

-Гуминыг  2-3 хувийн уусмал байдлаар бэлтгэн найруулж цацаж, лаганд нэвчүүлж үнэрийг дарж байна. Энэ технологийг “АСЕМ”-ийн чуулганы үеэр үнэрийг дарах ажлын хүрээнд ашиглаж байсан. “Эко тайхи” ХХК японы технологиор  өдөр тутам гарч байгаа шингэн лаг, овоолго лаг, картуудад байгаа лагийг бордоо болгох ажил хийгдэнэ.  Бордоо болгохдоо зориулалтын бактери, модны үртэс ашиглан лагтай хольж үнэргүйжүүлэн бордоо болгон уул уурхай, нөхөн сэргээлтэд ашиглах хөрс гаргах юм. Энэ ажлын хүрээнд технологийн процессын  ажлууд хийгдэх учраас лагийн үнэр тодорхой хэмжээнд үнэртэнэ. Тиймээс энэ асуудлыг иргэд ойлгох хэрэгтэй байна.

-“Эко тайхи” ХХК-ийн ажил эхэлчихсэн байгаа юу?

-Барилга хот байгуулалтын яам дээр гэрээ эцсийн байдлаар хийгдэж байна. Хэд хэдэн удаагийн туршилт судалгаа хийсэн, мөн шингэн лаг дээр туршилт хийхэд үнэр арилсан үр дүн үзүүлсэн. Тиймээс энэ технологиор үнэрийг дарахаас гадна Төв цэвэрлэх байгууламжийн лагийн картуудын ашиглалт сайжирна  гэж үзсэн.

-Дөрөвдүгээр сараас үнэр дарах ажил эхэлсэн гэлээ. Өнөөдрийн байдлаар ийм хэмжээгээр үнэрийг дарсан гэсэн тоон үзүүлэлтээр тодорхойлох боломж бий юу?

-Энэ ажлын хүрээнд “Ногоон титэм” ХХК Барилга хот байгуулалтын яамтай гэрээ хийж ажиллаж байна. Тус компанийн зүгээс агаарт тархаад байгаа үнэрийг тодорхой цэгүүд дээр шинжилгээ хийх болон лабораторийн ажлын үр дүнгийн  тайланг гаргаж өгөх ёстой. Дөрөв болон тавдугаар сард цэвэрлэх байгууламж дотор, болон ойр орчмын цэгүүдийг сонгон дээж авч боловсруулалт хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл бодис цацахын өмнө ямар байсан цацсаны дараа хэр байна гэдэг үр дүнг нарийвчлан гаргах юм. Энэ долоо хоногт албан ёсоор үр дүнгээ яаманд танилцуулна. Энгийнээр тайлбарлавал хүний хамрын мэдрэхүйгээр үзэхэд үнэр 50 хувь дарагдсан.

-Төв цэвэрлэх байгууламжид 44 карт бий гэсэн. Тэгэхээр жилд хэчнээн карт лагийг цэвэрлэдэг юм бол?

-Төв цэвэрлэх байгууламж дээр 44 карт бий. Хоёр гурван жил мөн таваас зургаан жил болсон лагтай картууд бий. Үүнээс нэг жилдээ 6-8 картыг ашигладаг. Үүнийхээ дагуу 6-8 картын лагийг сулласан байх ёстой. Ингэж эргэлтээрээ явдаг. Мөн “Ховд тул” ХХК гэрээ хийн ажилдаа орж байгаа. Энэ компанийн хувьд  Барилга хот байгуулалтын яамтай гэрээний дагуу 4ш картын лагийг Оросын технологиор боловсруулалт хийх ажлыг эхлүүлсэн байна.