Хот, суурины ногоон байгууламжийн тухай хуулийн төслийн танилцуулга

0
232

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 38-д  “Хот, суурины ногоон байгууламжуийн тухай хуулийн төсөл боловсруулах” гэж, Ойн тухай хуулийн 31.4 дэх хэсэгт “Хот, сууринг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламж байгуулах ажлыг холбогдох хуулиар зохицуулна” гэж, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөт “Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн ногоон байгууламжийг гурав дахин нэмэгдүүлэх бодлого баримтлана.” гэж,  ” Монгол Улсын Их Хурлын 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-ын 3.6.1-т “Уур амьсгалын өөрчлөлтийн хэтийн хандлага, байгалийн нөөц даацад нийцүүлж, хүн амын хэт төвлөрөл үүсэхээс сэргийлсэн, өөрийгөө тэтгэх чадвартай “ногоон”, “ухаалаг” хот, тосгоныг хөгжүүлж, орон нутагт тав тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх” гэж тус тус заасныг үндэслэн Хот, суурины ногоон байгууламжийн  тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хууль тогтоомжинд нийцүүлэн боловсруулсан бөгөөд хуулийн үзэл баримтлалыг Барилга, хот байгуулалтын сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайд,  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар тус тус баталсан болно.

Монгол Улсад сүүлийн 10 гаруй жил  эрчимтэй явагдсан  хотжилтын явц, хүн амын болон үйлдвэр аж ахуйн газруудын хэт төвлөрлөөс үүдэн томоохон хот, тосгоны нутаг дэвсгэрийн даац хэтэрсэн, ногоон байгууламжуудыг төлөвлөлтгүйгээр буулган барилгажуулснаар  зарим томоохон хот, тосгоны экологийн тэнцвэрт байдал алдагдаж, хүрээлэн буй орчны нөхцөл байдал гамшгийн байдалд хүрсэн нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж ая тухтай амрах, спорт, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх орчингүй болсон байна.  Манай орны хувьд хот, суурин газрын ногоон байгууламжид чиглэсэн үйл ажиллагаа нь зөвхөн одоо байгаа ногоон байгууламжийг арчилгаа, нөхөн сэргээх, нөхөн тарилт хийхэд чиглэгдэж, харин шинээр байгуулагдаж байгаа ногоон байгууламж нь хүн амын өсөн нэмэгдэж  буй хэрэгцээг хангаж чадахгүй байна. Улсын хэмжээнд хот, суурин газрын ногоон байгууламжийн талаарх хууль эрхзүйн нэгдсэн орчин, зохицуулалт бүрдээгүй, зөвхөн орон нутгийн хэмжээнд холбогдох салбарын норм дүрэм, журмын хавсралтад заагдсанаар зохицуулагдаж байна. Мөн ногоон байгууламжийн арчилгааг тогтмол хийх мэргэжлийн байгууллага дутмаг, зориулалтын санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, менежмент байхгүйн улмаас энэхүү ажил ч дутагдалтай хийгдэж ирсэн байна.

Иймд эдгээр сөрөг үзэгдлүүдийг хязгаарлах, хотын оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийн баталгааг хангах зорилгоор  Хот, суурины ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага зүй ёсоор бий болж  байна.

Шинээр боловсруулагдаж буй Хот, суурины ногоон байгууламжийн тухай хууль нь Монгол Улсын хот, суурины ногоон байгууламжийг төлөвлөж байгуулах, арчлах, хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх, хяналт тавихтай  холбогдон төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хооронд үүсэх харилцаануудын эрх зүйн зохицуулалтыг хангах, зохицуулах, энэ хүрээнд бий  болоод буй зөрчил, хүндрэлүүдийг шийдвэрлэх, бусад хууль тогтоомжтой уялдуулахад тус тус чиглэгдэх бөгөөд хуулиар зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараах байдлаар тодорхойлно.Үүнд:

Хот, суурины ногоон байгууламжийн үүрэг зориулалт, ангилал, байршил, байгуулах газар, бүрэлдэхүүний талаар тодорхой  тусгахаас гадна хот, суурины хүн амын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, хүрээлэн буй орчны уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, хот, суурины архитектур-орон зайн бичил уур амьсгал,  гоо зүй, чимэглэл бүхий тааламжтай орчинг бүрдүүлэхэд ногоон байгууламжийг зориулалт, ашиглалтаас хамааруулан ангилан хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм, стандарт болон тухайн газрын онцлог,  түүх, соёлын дурсгалт зүйл, ард иргэдийн зан заншил, уламжлал зэрэг байгаль, нийгэм, соёлын онцлогт нийцүүлэн  төлөвлөж байгуулах, хатуу ландшафтыг зохистой хослуулан төлөвлөхөд тавигдах нийтлэг шаардлагыг тодорхой болгох зэрэг асуудлуудыг нарийвчлан зохицуулж тусгана.

Хот, суурины ногоон байгууламжийн үйл ажиллагаанд оролцогч талууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын эрх, үүргийг тодорхой болгож тусгахаас гадна ногоон байгууламжийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөж байгуулах, арчлан хамгаалах, нөхөн сэргээх,  манай улсад нэн шаардлагатай байгаа ногоон байгууламжийн бүртгэл, тооллого хийх, ногоон байгууламжийг байгуулах, арчлах, хамгаалах, ашиглах, устгах, буулгах, нөхөн сэргээхтэй холбогдсон  дүрэм, журам, стандартыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, мөрдүүлэх, ногоон байгууламжийн бүрэлдэхүүн хэсэг болох мод, бут, сөөг, ургамлын үрийн нөөцийн сан бүрдүүлэх, үржүүлгийн газар, технологийн парк  байгуулах, ногоон байгууламжийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх,   ажлыг мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангахтай холбогдсон үйл ажиллагааг хуульчилна.

Ногоон байгууламжийг байгуулах, хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, эрх авсан аж ахуйн нэгж, байгууллагыг цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагын төрөл, хэлбэр, тэдгээрийн үйл ажиллагааны чиглэл, олон нийтэд ногоон байгууламжийн үйл ажиллагааны талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, аливаа бүтээн байгуулалтын болон засвар үйлчилгээний ажил гүйцэтгэхэд ногоон байгууламжид хохирол учруулахаас сэргийлэх, хохирол учруулсан нөхцөлд ногоон байгууламжийг нөхөн сэргээж, ногоон байгууламжийн экологи, эдийн засгийн үнэлгээний дагуу нөхөн төлбөр төлөх, орон нутгийн удирдлагын болон мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөн үйл ажиллагаагаа явуулах зэрэг ногоон байгууламжийн талаар нийтлэг эрх, үүрэгтэй холбогдолтой асуудлуудыг нарийвчлан зохицуулна.

Ногоон байгууламжийн ангилал, зориулалт, байршлаас хамааруулан ногоон байгууламжийг ашиглах, арчлах, хамгаалах субьектыг тодорхойлох, нөхөн сэргээх түүнд шаардагдах зардлын эх үүсвэр,  ямарваа нэгэн бүтээн байгуулалтын ажлын явцад учруулсан хохирлыг нөхөн төлөх,  ногоон байгууламжийг батлагдсан зураг төсөлгүйгээр тохижилтын ажил гүйцэтгэх, зориулалт бусаар ашиглах, байгалийн ойгоос модлог ургамлыг шууд шилжүүлэн суулгах, ногоон байгууламжийн талбайд нутагшуулах, тарималжуулах туршилт судалгааны байгууллагын дүгнэлтгүйгээр импортын тарьц, суулгацыг тарих зэрэг ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах, арчлах, нөхөн сэргээх, нөхөн төлбөрийн зэрэг олон нийтийн оролцоо, төрийн хяналтын талаарх үйл ажиллагааны талаарх холбогдох зохицуулалтын талаар тусгана.

Ногоон байгууламжийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, ургамлын төрөл зүйл, тоо хэмжээ, төлөв байдлын талаарх мэдээллийг багтаасан бүртгэл, мэдээллийн сан бий болгох, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэхтэй холбогдсон журам, зааврыг баталгаажуулах, эрхлэн хөтлөх субьектыг тодорхой болгох засуудлыг зохицуулна.

Ногоон байгууламжийн хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага болон хууль төгөлдөр болох хугацааг тусгана. Энэ хүрээнд хууль, тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд тооцох хариуцлагыг тодорхой болгож, хариуцлагын хэм хэмжээг өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд нийцүүлэн тогтооно.

Хот, суурины ногоон байгууламжийн тухай хуулийн төсөлд бүх яамд,  21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллага, зураг төслийн байгуулагуудаас ирүүлсэн саналуудыг тусгаж, олон нийтээс санал авахаар Барилга, хот байгуулалтын яамны вебсайтад байрлууллаа.

Хот, суурины ногоон байгууламжийн тухай хуулийн төсөлтэй танилцаж, саналаа Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Бэлэгсайхантай  261427 утсаар холбогдож эсхүл <dsaikhnaa@yahoo.com> цахим хаягаар 2018 оны 06 дугаар  сарын 15-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Хот, суурины ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг ЭНД-с татаж үзнэ үү.

Хот, суурины ногоон байгууламжийн тухай хуулийн үзэл баримтлалыг ЭНД-с татаж үзнэ үү.