Газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгахаар боллоо

0
826

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцууллаа.

Тэрбээр, Аймаг, сумдын газар зохион байгуулалтын ажлыг тус орон нутгийн ИТХ-аас баталж байна. Баталсан төлөвлөгөөний дагуу газар хувьчлах ажил үргэлжлэн явагдана.

Монгол Улсын иргэн бүрт 0.07 га газар үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацаа энэ оны тавдугаар сарын 1-ний өдөр дуусгавар болж байгаа учир ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар хуулийн хугацааг 10 жилийн хугацаагаар сунгахаар шийдвэрлэлээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Энэ хууль 2003 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээс хойш хуулийн хэрэгжүүлэх хугацааг долоо дахь удаагаа сунгаж байгаа нь энэ юм. Хуулийн хугацаа дуусах дөхөхөд иргэд хэрэгцээтэй, хэрэгцээгүй хамаагүй маш олноор газар хувьчилж авдаг юм байна.

Иргэн бүрт газрыг нэг удаа үнэгүй хувьчилна гэж бодлогынхоо дагуу газрыг үргэлжлүүлэн хувьчилна. 2017 оны байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчлөн авчээ.

Хуулийн хугацааг сунгасны дараа газар өмчлөх явц удааширдаг. Улаанбаатар хотын хувьд хувьчлах газрын төлөвлөгөөг НИТХ-аас баталж байгаа. Хувьчлал цаашдаа баталсан төлөвлөгөөний дагуу явагдана гэж мэдээлэв.

Зуслангийн газрыг хэзээ хувьчлах талаар тодруулганд тэрээр “зуслангийн газраа эзэмшиж байгаа иргэд хуулийн хүрээнд 0.07 га газраа хувьчилж авч болно” гэлээ.