Сайд Х.Баделхан Мянганы сорилтийн корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

0
265

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдөр /2017.12.6/ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч ноён Мануэл Микаллер, Мянганы сорилтийн корпорацийн Европ, Ази, Номхон далай, Латин Америкийн орнуудын компакт гэрээний үйл ажиллагаа эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Фатима З.Сумар нар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Төв цэвэрлэх байгууламж (ТЦБ)-тай холбоотой асуудлаар санал бодлоо солилцож, зарим зүйлийг тохиров.

Сайд Х.Баделхан Улаанбаатар хотын ТЦБ-ийг барих шалтгаан, хэрэгцээ, шаардлагыг товч танилцуулан, Монгол Улсын Засгийн газар Францын “Артелиа Билл анд транспорт” компаний боловсруулсан ТЭЗҮ, Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барихаар шийдвэрлээд байгаа бөгөөд барилгын ажлын шавыг 2018 оны 2 дугаар улиралд багтааж тавих чиглэлтэй байгааг мэдээллээ.

Тэрбээр ТЦБ-ийн урьдчилсан цэвэрлэгээ, байгууламжаас гарах цэвэршүүлсэн ус нь стандартын шаардлага хангахуйц техник, технологийн шийдэл бүхий ажлын даалгавар, зураг төсөл, тендерийн баримт бичгийг иж бүрнээр боловсруулах, олон жилийн туршид байгаль орчин, агаарын бохирдолд сөрөгөөр нөлөөлж байгаа лагийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх хүсэлтийг тавьсан юм.

Америкийн тал Мянганы сорилтын корпораци (МСК)-аас хэрэгжүүлэх төсөл нь хоёр орны эдийн засгийн харилцаанд томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ МСК нь Монгол Улсын Засгийн газрын түнш байна гэдгээ нотлон дээрх саналыг хүлээн авч, хуучин олон жил хуримтлагдсан лагийн асуудлыг  судалж үзэхээр болов.

Талууд ТЦБ-ийн техник, технологийн шийдэл нь МСК-ийн санхүүжилтээр баригдах урьдчилсан цэвэрлэгээ болон гүн цэвэрлэгээний технологийн шийдлүүд, стандартын шаардлагатай яг нийцэж байх ёстой бөгөөд цаг хугацааны хувьд мөн төслүүдийг хамтад нь хэрэгжүүлэх үүднээс харилцан уялдааг хангах тал дээр сайтар анхаарч, шуурхай ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Үүний тулд МСК, Үндэсний ажлын албаны техникийн баг хамтран төслийн ажлын даалгавар, техникийн шийдэл, стандартын шаардлага, зураг төсөл, тендерийн баримт бичиг зэрэг яг ямар баримт бичгүүдэд дэмжлэг үзүүлэх жагсаалтаа гарган  Барилга, хот байгуулалтын Яаманд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Талууд 2018 оны 2 дугаар сарын сүүлч гэхэд Монголын Засгийн газар, МСК бүх тал дээр нэгдсэн ойлголтод хүрсэн байхаар тогтов.