“Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төслийн нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалтыг хийх аргачлал” сэдэвт нэгдсэн сургалт зохион байгуулагдлаа

0
334

Монгол Улсын Барилга, хот байгуулалтын Яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), “Монгол Улсын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн 2-р үе шат (MUGCUP-2)” төсөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төслийн нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалтыг хийх аргачлал” сэдэвт нэгдсэн сургалтыг аймаг, нийслэлийн мэргэжилтнүүдэд зориулан 2017 оны 11 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд Барилгын хөгжлийн төвд зохион байгууллаа.

1413

Энэ удаагийн сургалт нь нийт оролцогчид баг болж ажиллан, Улаанбаатар хотын гэр хорооллын бодит талбайг жишээ болгон авч, газар ашиглалтын төлөвлөгөө, төслийн зардал, эдийн засгийн үр ашгийн томсгосон тооцоог хийсний үндсэн дээр нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалтын төлөвлөгөөг хэд хэдэн хувилбараар  боловсруулах дасгал дээр ажиллаж, боловсруулсан төлөвлөгөө болон зургаа танилцуулсан практикт  тулгуурласан онцлогтой байлаа.

181716

Ийнхүү бодит жишээн дээр тооцоо, судалгаа хийж, төлөвлөлтийн санал боловсруулах дасгалыг хамтран гүйцэтгэсэн нь төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагын газрын харилцаа, хот байгуулалтын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг гүнзгийрүүлэх, харилцан туршлага солилцоход бодит хувь нэмэр оруулсан ба нөгөө талаар мэргэжилтнүүдийн зүгээс бодит санал, санаачлага дэвшүүлэн гаргаж, хэлэлцүүлсэн ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ