Сайд Х.Баделхан ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченкотой уулзав.

0
106

УИХ-ын гишүүн, БХБ-ын Сайд Х.Баделхан өнөөдөр /2017.11.09/ Европын сэргээн босголтын хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

Сайд Х.Баделхан тус яамны тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулж, Төв цэвэрлэх байгууламжийн талаарх санхүүгийн болон бусад шийдлийг гаргахаар ажиллаж байгааг мэдээлж, тус банкны хүүний хэмжээ болон бусад нөхцлийг сонирхсон юм.

ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко ус хангамж, цэвэрлэх байгууламжийн төслүүдэд хөнгөлөлттэй зээл олгож, зээл авсан байгууллагууд үр дүнтэй ажилласан туршлага, банкны давуу талуудыг товч танилцуулан, хамгийн үр ашигтай аргаар зээлээ хэрэгжүүлдэг хэмээн онцлов. Тухайлбал; Зээлийг маш богино хугацаанд шийдвэрлэдэг, тухайн ажиллаж байгаа улсынхаа эрх ашгийн төлөө ажилладаг, авилгаас ангид,  хөнгөлөлттэй зээлийн багцад техникийн туслалцаа, буцалтгүй тусламж багтаж зээлийн хүүг эрс бууруулдаг ба техник туслалцааны хүрээнд төслийн техник, эдийн засгийн үндэслэл, тендерийн баримт бичгийг хянаж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт явуулах болон бусад ажлууд багтдаг. Түүнчлэн олон улсын нээлттэй тендерийг 2 үе шаттайгаар явуулж, сонгон шалгаруулалт хийснээр хамгийн шилдэг компанийг шалгаруулах боломжтой бөгөөд ингэснээр төслийн нийт зардлыг бууруулах, тухайн барилга, байгууламжийн ашиглалтыг гэрээлэгч компани 15-18 жилийн хугацаанд хариуцахаар гэрээг хийдэг. Зээлийн хүү банк хоорондын хүү болох LIBOR +1% тул хэлбэлзэлтэй гэлээ.

Эцэст нь зээлийг шийдвэрлэх хугацаа маш богино, төслийн зардлыг бууруулдаг,  үр ашигтай ажиллагааг хангадаг, найдвартай, хүүний хувьд зарим тохиолдолд тэг ч болох талтай гэдгийг дахин онцлов.

Хатагтай К.Ирина аймгуудын ус хангамж, цэвэрлэх байгууламжийн төслүүдэд зээлээ олгоход мөн дээрх багц үйлчилгээг үзүүлж, тухайн ашиглагч байгууллагад хэрхэн үр ашигтай ажиллах чиглэлээр зөвлөх үйлчилгээг хамтад нь өгөх боломжтой гэж нэмж хэллээ.

Сайд Х.Баделхан Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлон гаргахаар ажиллаж байгаа. Цаашид инженерийн дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлэх төслүүд олон байгаа тул танай банкинд ихээхэн боломжууд гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ.