Сайд Х.Баделхан АНУ-ын Элчин сайд Женифер Зимдал Галттай уулзав.

0
661

УИХ-ын гишүүн, БХБ-ын Сайд Х.Баделхан өнөөдөр /2017.11.01/ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзаж, салбарын тэргүүлэх асуудлууд болон Төв цэвэрлэх байгууламжийн   асуудлаар санал бодлоо солилцлоо.

Уулзалтад ЭСЯ-ны Дэд тэргүүн Мануэл Микаллер, ЭСЯ-ны Эдийн засгийн хэлтсийн дарга Жон Макданиел болон тус яамны холбогдох газрын дарга нар байлцав.

Элчин сайд Зимдал Галт Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд уг албан тушаалд шинээр томилогдсонд баяр хүргээд, Мянганы сорилтын корпорацийн 2 дахь компакт гэрээний бэлтгэл ажлын энэ чухал үед Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрээр Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын хэсгийг ахалж байгаад нь мөн баяр хүргээд яамны тэргүүлэх зорилт, чиглэлүүд юу болохыг тодруулсан юм.

Сайд Х.Баделхан Элчин сайд Зимдал Галттай танилцсандаа баяртай байгаагаа илэрхийлж, Барилга, хот байгуулалтын сайдын хувьд 1-т төв цэвэрлэх байгууламжийг цогцоор шинэчлэх, 2-т гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг урагшлуулах, 3-т моргэйжийн зээлийг олгох асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгон уг асуудлуудын талаар нэн даруй тодорхой шийдлийг гаргах, санхүүжилтийг босгохоор холбогдох олон улсын санхүүгийн болон бусад байгууллагуудтай Сангийн яамтай хамтарсан уулзалтуудыг хийж, ярилцаж байна. Моргажийн зээлийг хэрэгжүүлэх чиглэлд АНУ нь тэргүүлэх туршлагатай орнуудын нэг учир энэ чиглэлд бид туршлага хуваалцах сонирхолтой байна гэлээ.

Тэрбээр АНУ-ын Засгийн газар Монгол Улсыг Мянганы сорилтийн корпорацийн 2 дахь компакт гэрээний төсөл хэрэгжүүлэх боломжтой орноор сонгосонд талархалтай байгаагаа илэрхийлээд Төв цэвэрлэх байгууламжийн асуудлаар голчлон ярилцав.

Сайд Х.Баделхан Цэвэрлэх байгууламжийн цогц ажилд цэвэр усны хангамжийг их хэмжээгээр нэмэгдүүлэх, Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил, саарал усыг дахин боловсруулж үйлдвэрлэлд ашиглах гэсэн гурван асуудал байгаа билээ. Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын шавыг ирэх оны 3 дугаар сар гэхэд тавих зорилттой ажиллаж байна. Энэхүү зорилтод цаг алдахгүйгээр хүрэхэд Элчин сайдын яам, МСС-ийн зүгээс шаардлагатай ажлуудад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв.

Элчин сайд З.Галт МСС-ийн 2 дахь компакт гэрээний төслийн хүрээнд цэвэр усны хангамжийг их хэмжээгээр нэмэгдүүлэх, саарал усыг дахин боловсруулж үйлдвэрлэлд ашиглах байгууламжийн ажлыг багтаахаар төлөвлөж судалгааг хийж,  Францын “Артелиа Вилл энд транспорт” компанийн боловсруулсан ТЭЗҮ-д суурилан дээрх 3 ажлын тендерийн баримт бичгийг МСС–ийн баг боловсруулж ойрын хугацаанд Монголын Засгийн газарт хүргүүлэхээр ажиллаж байгааг мэдээлэв.

Элчин сайд З.Галт “МСС Монголын Засгийн газартай хэрэгжүүлэх 2 дахь компакт гэрээний хүрээнд хийгдэх дээр дурьдсан 2 ажлыг Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр хийх боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан тул уг цэвэрлэх байгууламжийн шийдлийг яаралтай ойрын хугацаанд гаргаж, МСС–ийн 2 дахь компакт гэрээг байгуулах боломжийг бий болгох нь маш чухал болохыг онцлов. Эс бөгөөс АНУ-ын Засгийн газраас шийдвэрлээд байгаа 350 сая ам долларын санхүүжилтийг авч чадахгүйд хүрэх талтай гэдгийг сануулж, энэ нь АНУ-аас    барилга, нийтийн аж ахуйн салбарт оруулж буй маш том хөрөнгө оруулалт бөгөөд цаашилбал Монгол Улс, АНУ-ын эдийн засгийн харилцаанд томоохон түлхэц үзүүлэх болно гэдгийг онцоллоо.

Тэрбээр Элчин сайд МСС-ийн санхүүжилтийг Төв цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтын хөшүүрэг болгон ашиглаж болох юм гэлээ.

Талууд уг асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх нь нэн тэргүүний ажил гэдэгт санал нэгдэн, энэ оны 11 дүгээр сард тендерийн бичиг баримттай болох чиглэлд анхаарч ажиллахаар тогтов.

Сайд, Элчин сайд нар болон Элчин сайдын яамны зүгээс МСС-ийн 2 дахь компакт гэрээний төслийн асуудлыг хариуцаж байгаа Эдийн засгийн хэлтсийн дарга Жон Макданиел БХБЯ-ны холбогдох албан хаагчидтай нягт хамтран ажиллахаар болов.