Сайд Х.Баделхан КОЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзав

0
826

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан  өнөөдөр /2017.10.31/ Солонгосын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгч Пак Сү Ёныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БХБЯ-ны холбогдох албаны хүмүүсээс гадна Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж шинээр байгуулах асуудлыг  судлан санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн төлөөлөл оролцов.

Уулзалтын эхэнд Сайд Х.Баделхан тус нийгэмлэг нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бүтээн байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр хамтын ажиллагааны уламжлалт харилцаатай байдагт талархаж явдгаа илэрхийллээ. Мөн  БНСУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын “Шинэ яармаг” орон сууцны хорооллын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг шинээр барих төсөл,  Улаанбаатар хотын Нисэх, Яармаг орчмын орон сууцны шинэ хорооллын “Ус хангамжийн төсөл” зэргийг дурдсан.

Ерөнхий сайдын захирамжийн дагуу Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Улаанбаатар хотод Төв цэвэрлэх байгууламж шинээр барих асуудлыг судлан санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж байгаа. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн техник, технологийн шийдэл, санхүүжилтийн асуудал ярианы гол сэдэв байлаа. Солонгосын  Олон улсын хамтын нийгэмлэгийн КОЙКА байгууллагын хувьд энэ ажилд оролцох сонирхол байгаа боловч  мөн л Японы ЖАЙКА байгууллагын адил урт хугацааны нарийвчилсан судалгаа хийж байж төсөлд оролцоно. Тиймээс цаг хугацааны хувьд хамтран ажиллахад бэлэн биш байна, та нар их яарч байгааг ойлгож байна. Бид ЖАЙКА байгууллагынхтай ижил саналтай байна. Нэгэнт чанартай хийж гүйцэтгэе гэвэл бид нарийвчилсан судалгаа хийхээс өөр аргагүй гэсэн байр сууриа илэрхийлээд Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж шинээр байгуулахад анхаарах зарим зүйлийн талаар санал солилцсон юм. Тус байгууллагаас Монгол Улсын Засгийн газар, БХБЯ-тай цаашид бусад төслөөр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.