АВТО ЗОГСООЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

0
75

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 36 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад “Авто зогсоолын тухай” хуулийн төсөл шинээр боловсруулж батлуулах”, “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын 2012 оны  120 дугаар тогтоолын  хавсралтад “Улаанбаатар хотын утаа, хог, түгжрэлтэй тэмцэх цогц шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх” гэж тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний ажлын хүрээнд  “Хэрэглэгч төлдөг” зарчимд шилжүүлэх замаар хотын төвийн ачааллыг багасгана” гэж заасан.

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-ын 3.6.6-д “Явган зорчигчийн зорчих хэсэг, ногоон байгууламж, дугуйн зам, зогсоолын төлөвлөлт, зохион байгуулалтыг боловсронгуй болгож явган явах, дугуйгаар зорчих орон зайг нэмэгдүүлэх” гэж заасныг үндэслэл болгон Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, 5 дугаар зүйлийн 5.4, 9 дүгээр зүйлд нийцүүлэн “Авто зогсоолын тухай” хуулийн төслийг боловсруулав.

Хуулийн  төсөл нь 11 бүлэг 45 зүйлээс бүрдэнэ.

Шинээр боловсруулагдаж  буй Авто зогсоолын тухай хууль нь Монгол улсын  томоохон хот, суурин газруудад хүн амын хэт төвлөрөл бий болж, тэр хэмжээгээрээ хот төлөвлөлт, байгуулалтын явцад бий болсон сөрөг үр дагаваруудын нэг хэсэг болох авто тээврийн хэрэгслэлийн огцом өсөлт, түүнээс үүдсэн замын түгжрэл, авто тээврийн хэрэгслийн зогсоолын асуудлыг шийдвэрлэх, мөн   тус хууль нь хот, суурин газарт авто зогсоолыг төлөвлөх, байгуулах, ашиглах, эзэмших, хяналт тавихтай холбогдсон төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хооронд үүсэх харилцаануудын эрх зүйн зохицуулалтыг хангах, бий  болоод буй зөрчил, хүндрэлүүдийг шийдвэрлэх, бусад хууль тогтоомжтой уялдуулахад тус тус чиглэгдэх бөгөөд хуулиар зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

Авто зогсоолын талаарх нэр томьёоны тодорхойлолт, авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөнд саад учруулахгүй байх, түгжрэлийг сааруулахал чиглэсэн төрөөс баримталж буй бодлогын хүрээнд авто зогсоол байгуулж, хөгжүүлэхэд баримтлах зарчим,   авто зогсоол нь авто замын сүлжээний нэвтрэх чадварыг дээшлүүлж, ашиглалтын хэвийн нөхцлийг хангах,  болзошгүй эрсдлээс  хамгаалагдсан, нийгмийн хэрэгцээ, ашиглалтын шаардлагыг бүрэн хангасан байх,  мөн авто зогсоолыг хууль тогтоомж, стандарт, норм, нормативын хүрээнд, хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан,  батлагдсан зураг төслийн дагуу техник, технологийн дэвшлийг ашиглан төлөвлөж байгуулах эрх зүйн харилцааны талаар тусгана.

Авто зогсоолын үйл ажиллагаанд оролцогч талууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын эрх үүргийг тодорхой болгож тусгахаас гадна авто зогсоол  байгуулахад шаардлагатай үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх, хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан бүсчлэл, замын ачааллын тооцоо, судалгааны үндсэн дээр авто зогсоол төлөвлөн байгуулах,  олон улсад өргөн хэрэглэгдэж буй мэдээллийн цахим сүлжээнд суурилагдсан төхөөрөмж бүхий  автоматжуулсан болон механикжсан авто зогсоол байгуулах,  тэдгээрийн чанар стандартын шаардлага хангахад чиглэсэн норм, нормативын баримт бичиг бий болгох, авто зогсоол төлөвлөх, байгуулах, ашиглалттын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө, удирдлагаар хангахтай холбогдсон үйл ажиллагааг хуульчилна.

Авто зогсоол, түүний төрөл, ангилал,  өмчлөгч, эзэмшигчийн эрх, үүрэг,  гудамж, зам талбай, орчны тохижилт зэрэг нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, мөн замын болон галын аюулгүй байдлыг хангасан,  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, холбогдох  тэмдэг, тэмдэглээ бүхий авто зогсоол төлөвлөж байгуулахад тавигдах нийтлэг шаардлагыг тодорхой болгох зэрэг асуудлуудыг нарийвчлан зохицуулж  тусгана.

Хот, суурины  хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, нутаг дэвсгэрийн бүсчлэл, газар зохион байгуулалт, хүн амын тоо зэргээс хамааруулан авто зогсоолын эрэлт, хэрэгцээний судалгаа хийх, авто зогсоолын хомсдол бүхий нутаг дэвсгэр, замын хөдөлгөөний хэвийн байдлыг алдагдуулж буй авто зогсоолыг тодорхойлон, авто зогсоол шинээр бий болгох, авто зогсоолын орчины нөхцөлийг сайжруулах, авто зогсоолыг төлөвлөх, түүнийг хэрэгжүүлэх  үе шатны төсөл, хөтөлбөр боловсруулах, авто зогсоол барих боломжтой газрын байршил, хэмжээг тогтоож, шаардлагатай хөрөнгийн урьдчилсан тооцоог боловсруулах, энэ талаар олон нийтэд мэдээллэх ажлыг орон нутгийн Засаг даргад даалгах, шинээр барих барилга, байгууламжийн зураг төсөлд тухайн орон нутгийн хот, суурины төлөвлөлт, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим, авто зогсоолын эрэлт, хэрэгцээтэй уялдуулан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу авто зогсоолыг төлөвлөх, авто зогсоолын төрөл, ангилал, ерөнхий бүтэц, шаардлага болон төхөөрөмж бүхий авто зогсоолын тоног төхөөрөмж, тэмдэг, тэмдэглэгээнд тавигдах улсын стандарт, зориулалтын талбай, барилга, байгууламжийн норм, дүрмийг боловсруулж мөрдүүлэх, олон улсын болон улсын чанартай замын дагуу авто зогсоолын байршил, дэд бүтэц, зайлшгүй байх үйлчилгээ, объектыг,  орон нутгийн чанартай зам, нийтийн эзэмшлийн зам, талбайд авто зогсоол байгуулах байршлыг тогтоох зэрэг асуудлуудыг шийдвэрлэх хууль эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.

Авто зогсоолын төрөл, ангилал, байршлаас хамааруулан авто зогсоолын өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн нийтлэг эрх, үүргийг тодорхойлохоос гадна авто зогсоол өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн авто замын болон авто зогсоолын талаарх хууль тогтоомж, норм, дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэх, авто  зогсоолыг арчлан хамгаалах,  ашиглалтын бэлэн байдлыг хангах, авто зогсоолын талбай, барилга байгууламжид тээврийн хэрэгсэл байрлуулахаас өөр үйл ажиллагаа явуулах, авто зогсоолын тогтоосон хил хязгаараас өөр бусад газар зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг байрлуулах, аюул осолгүй байдлыг хангахтай холбогдолтой асуудлуудыг нарийвчлан зохицуулна.

Хот, суурин газрын төлөвлөлт, хүн амын нягтрал, төрийн, орон нутгийн болон олон нийтийн үйлчилгээний, орон сууцны барилга байгууламжийн байршил, хүчин чадал, зориулалт, замын ангилал, сүлжээ, нэвтрүүлэх хүчин чадал, хөдөлгөөний эрчим, ашиглалт зэрэг нөхцлүүдийг судалж, тооцсоны үндсэн дээр авто зогсоолын төрөл, ангилалыг тодорхойлж байгуулах, ашиглах, эзэмших эрхийн хэм хэмжээг тогтоох, тэдгээргийг ашиглалтад тавигдах шаардлага,  дэвшилтэд техник технологи ашиглан байгуулагдсан төхөөрөмж бүхий авто зогсоолд тавигдах шаардлага, засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн стандартын шаардлага, аюулгүй байдлыг хангахтай холбогдолтой асуудлуудыг нарийвчлан   тусгана.

Авто зогсоолын төлбөр, хураамж тэдгээрийн хэмжээ, төлбөртэй зогсоолын үйлчилгээ эрхлэх, зөвшөөрөл олгох, үйлчилгээ эрхлэх  журам тогтоох субьект,  төлбөртэй зогсоолд тавигдах шаардлага, авто зогсоолын эзэмшил, өмчлөлийн хэлбэрээс хамааран төлбөртэй авто зогсоолын үйлчилгээ эрхэлснээс олсон орлогыг хэрхэн төвлөрүүлэх, төлбөр, хураамжаас  хөнгөлөх, чөлөөлөх нөхцлийн талаарх холбогдох зохицуулалтын талаар тусгана.

Авто зогсоолын тухай хуулийн төсөлд  21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллага, олон улсын байгууллага, зураг төслийн байгуулагуудаас ирүүлсэн саналуудыг тусгаж, олон нийтээс санал авахаар Барилга, хот байгуулалтын яамны вебсайтад байрлууллаа.

Авто зогсоолын тухай хуулийн төсөлтэй танилцаж, саналаа Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Бэлэгсайхантай  31-25-17 утсаар холбогдож эсхүл <dsaikhnaa@yahoo.com> цахим хаягаар 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

Авто зогсоолын тухай хуулийн төслийг ЭНД-с татаж үзнэ үү.

—о0о–