ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

0
1696

Хотжилт нь дэлхий нийтийн чиг хандлага болж, өнөөдөр дэлхийн нийт хүн амын 50 хувь нь хот, суурин газарт оршин сууж байна. Урьдчилсан тооцоогоор 2050 он гэхэд мегаполисуудад 3 тэрбум гаруй хүн амьдрах бөгөөд энэ нь дэлхийн нийт хүн амын 70 хувь нь хотуудад амьдарна гэсэн үг.

Монгол Улсад сүүлийн 20-иод жилд хөдөөнөөс хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хотжилтын түвшин хурдацтай нэмэгдэж, 2015 оны жилийн эцсийн байдлаар нийт 3,05 сая гаруй хүн амын 67 хувь нь  хот, суурин газарт суурьшиж, үүнээс зөвхөн нийслэл Улаанбаатар хотод улсын нийт хүн амын 44 хувь нь төвлөрч, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг  үйлдвэрлэж байна.

Хотуудын хүн амын механик өсөлт, эдийн засаг, нийгмийн хөгжил болон бусад холбогдох аж үйлдвэрийн үйл ажиллагаа нэмэгдсэнээр нутаг дэвсгэр, хүн амын нутагшилт, суурьшил дээр томоохон өөрчлөлт орж, иргэдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөн, экологийн нөхцөл байдал муудаж байна. Ийм хандлага цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа нь хот байгуулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлтийг гаргаж, хэрэгжүүлэх шаардлагатайг илэрхийлж байна.

Хүн амын суурьшлын асуудлаар 1996 онд Стамбул хотод болсон НҮБ-ын II бага хурлаас нутаг дэвсгэрийн тогтвортой хөгжлийг хангахад бүс нутгийн хөгжлийг тууштай хэрэгжүүлэхийг тухайн улс орнуудын Засгийн газруудын хүлээх үүрэг гэж тодорхойлсон. Хөдөөнөөс хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөний улмаас хотын хүн ам өдөр ирэх тутам нэмэгдэх хирээр, мегаполисууд энэхүү их шилжилт хөдөлгөөнийг хэрхэн хүлээж авах вэ? Дэлхийн улс орнууд энэ үйл явцад бэлэн байна уу? Эдгээр болон бусад тулгамдсан асуудлаар Эквадор Улсын Кито хотод 2016 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулсан “HABITAT III – Тогтвортой хөгжлийн хот байгуулалт, орон сууцны чуулга”-нд НҮБ-ын гишүүн орны төлөөлөгчид хэлэлцэж, Шинэ Хотжилтын хөтөлбөрийг баталсан юм.

1

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал- 2030 он”-д “2016- 2020 онд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг бүс нутаг, бүлэг суурингийн тогтолцоог оновчтой тогтоох чиглэлээр үе шаттайгаар боловсруулна”, Улсын Их Хурлын 2014 оны 43 дугаар  тогтоолоор баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-ын баримт бичигт “Уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн байгалийн нөөц баялаг, сэргэх чадавхад нийцүүлэн хүн амын суурьшлыг төлөвлөн хөгжүүлнэ”, мөн Засгийн газрын 2016 оны 35 дугаар тогтоолоор баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд “2017- 2030 онд Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулж батлуулан, хэрэгжилтийг үе шаттайгаар зохион байгуулна” гэж тус тус заасан.

2

“Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг анхлан боловсруулж байсан 1996 оноос хойш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтолцоонд ихээхэн өөрчлөлт, дэвшил гарсан тул уг төслийн баримт бичгийг шинээр боловсруулах шаардлага бий болсон бөгөөд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулж батлуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан  Үндэсний хороог Засгийн газрын 2017 оны 05 дугаар тогтоолоор, уг төслийг боловсруулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, холбогдох салбарын чиглэлээр судалгаа, тооцоолол, мэдээллээр хангах, санал, зөвлөмж өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар тус тус байгуулан ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд “Монгол улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулахад эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн оролцоо” сэдэвт анхны хэлэлцүүлгийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр БХБЯ, ГЗБГЗЗГ хамтран зохион байгуулж, тус хэлэлцүүлэгт Нэгдсэн Үндэстний Байгууллага, Азийн хөгжлийн банк, Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага болон эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийн 110 гаруй төлөөлөл уригдан санал, бодлоо чөлөөтэй солилцон хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцлоо.

Хэлэлцүүлгийг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр нээж, “Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн уялдаа” сэдвээр Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Намжилмаа, “Монгол Улсын хотжилт, хүн амын байршил, тархалтад нөлөөлж буй хүн ам зүй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны хүчин зүйлс” сэдвээр МУИС-ийн Хүн амын сургалт, судалгааны төвийн багш, Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Монгол улсын Жендэрийн үндэсний шинжээч, доктор, дэд профессор А.Солонго, “Бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгаа” сэдвээр “МОNDЕP” төслийн багийн ахлагч, доктор Кацухидэ Нагаяма, мөн төслийн зохицуулагч, доктор Г.Энхжаргал, “Хүн амын шилжилт хөдөлгөөнийг татах хүчин зүйлийг ашиглан хэт төвлөрлийг сааруулах арга зам” сэдвээр МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн судлаач С.Давааням,  “Монгол Улсын хот байгуулалтын үнэлгээ” сэдвээр АХБ-ны төслийн судалгааны багийн дэд ахлагч, “Эс Си Жи Консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хот төлөвлөлтийн магистр Г.Бат-Эрдэнэ тус тус илтгэл тавилаа.

Тус бодлогын баримт бичгийг боловсруулахад эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага,  хувийн хэвшил зэрэг бүх талуудын оролцоо нэн чухал учраас уг төслийг боловсруулах ажлын хүрээнд цуврал олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах юм.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ