Иргэд Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлд нээлттэй оролцож болно

0
141

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажиллах журам, Засгийн газрын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, УИХ-аас баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичгүүдийн холбогдох заалтын дагуу Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон АТГ-ын дарга нарын хамтарсан тушаал энэ сарын 9-ний өдөр батлагджээ. Хамтарсан тушаалд зааснаар аймаг, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон яам, агентлагийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг байгуулахаар болсон. Хавсралтад баталснаар Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар тус бүр гурван гишүүнийг Олон нийтийн дэд зөвлөлд ажиллуулахаар заасан байдаг.

Мөн Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах иргэдэд журамд зааснаар дээд боловсролтой, ажлын туршлагатай, төсөв санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүй, аудит хяналт, эд хөрөнгийн үнэлгээ, инженер техникийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх шаардлагыг тавьж байгаа юм. Түүнчлэн сүүлийн хоёр жилд иргэд хяналт тавих чиг үүргийн байгууллагатай хамтарч ажиллаагүй, гэрээний дагуу тодорхой ажил, үйлчилгээ эрхлээгүй, хандив, санхүүгийн дэмжлэг туслалцаа авч байгаагүй, төлөөлөл хэрэгжүүлээгүй, аль нэг намын харьяалалгүй, хэрэв намын гишүүн бол түдгэлзсэн байх зэрэг шаардлагыг хангасан байх шаардлагатай. Эдгээр шаардлагыг хангасан бол хүссэн иргэд холбогдох байгууллагад хандан Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллаж боломжтой аж.

Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн Дэд зөвлөлийн гишүүд нь төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих, иргэдэд учирч буй хүнд суртал, чирэгдлийг арилгах,  төсөв санхүүгийн болон нийтийн албан тушаалтнаас гарч буй шийдвэр , баримт бичгийн ил тод байдлыг хангах, нийтийн албан тушаалтны ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт тавих зэргээр иргэд, олон нийтийн хяналтын  механизмыг бүрдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, идэвх сонирхлыг өрнүүлж ажиллах юм.

СЭТГЭГДЭЛГҮЙ

ХАРИУ ҮЛДЭЭХ